Минимализм: Сонголт багасах тусам бухимдал арилна

ЭНГИЙН БАЙХ ТУСМАА ТӨГС

Дэлхий нийтээр чамин тансаг хэрэглээнээс татгалзаж, энгийн бухимдалгүй амьдрал руу тэмүүлэх болжээ. Минимализм нь амьдралд илүү үнэ цэнэтэй зүйлийг ойлгуулахад тусалдаг хэв маяг. Өөрөөр хэлбэл минималист хүмүүс материаллаг эд зүйлсээс татгалзаж энгийн бөгөөд хялбар амьдралын хэв маягт шилждэг.

1965 оноос минимализм хэмээх үг хэллэг гарч иржээ. Английн философич Ричард Воллхайм минимал урлагийн талаар анх удаа өгүүлэл бичсэн байна. Энэ үеэс минимализмийг жинхэнэ урлаг хэмээн харж эхэлсэн гэнэ.

1970-аад оны эхээр тус урлаг хүчээ авч эхэлжээ. Тэр дундаа уран зураг, уран баримал, хөгжмийн зохиол, барилга архитектур, дизайны урлагт нэвтэрч, орчин үеийн дизайнеруудын нийтлэг хэв маяг болоод байна.

Минимализм нь жинхэнэ эрх чөлөөг олох хэрэгсэл.

Минималист амьдралын хэв маягийг баримтлагчдаас дурдвал Мартин Лютер Кинг, Сесар Чавес, Нельсон Мандела, Стив Жобс, Марк Зукерберг Эмма Уатсон, Гвинет Палтроу, Кэлвин Клайн зэрэг алдартай хүмүүс бий.

Минимализмийг хүн бүр өөрсдийнхөөрөө тодорхойлдог. 20 настай ганц бие залуугийн минималист хэв маяг 45 настай эмэгтэйн хэв маягаас шал өөр. Хүн бүр өөр өнцгөөс тайлбарладаг ч эцэстээ нэг л зам руу хөтөлдөг. Материаллаг эд зүйлст бус хамгийн үнэ цэнэтэй зүйлдээ цагаа зарцуулж, яг одоо цагт төвлөрч, дотоод ертөнцөө сонсож зорилго, зорилтуудаа илүү тодорхой болгоход тусалдаг.

Нөгөө талаар минимализм нь жинхэнэ эрх чөлөөг олох хэрэгсэл юм. Айдас, гэм буруутай мэдрэмж, санаа зовох, сэтгэл санаагаар унах зэрэг мэдрэмжүүдээс салах эрх чөлөөг танд олгоно.

Сэтгэл дундуур байдлыг арилгах, цагаа үр бүтээлтэй ашиглах, яг одоо цагт амьдрах, хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэх, жинхэнэ эрх чөлөөг амтлах, багыг зарцуулж ихийг бүтээх, эрүүл мэнддээ анхаарах, эмх замбараагүй эд материалаас ангижрах, амьдралынхаа зорилгыг нээж илрүүлэх, амьдралын үнэ цэнийг ойлгоход тань хувь нэмэр болно.

Минималист Япон залуу Фумио Сасакигийн түүхийг хуваалцаж байна.     

АЗ ЖАРГАЛЫГ ХУДАЛДАЖ АВАХ НЬ ТҮР ХУГАЦААНЫ ЗҮЙЛ

Би 35 настай, ганц бие, гэрлээгүй хэвлэлийн компанид ажилладаг, энгийн залуу. Та нарын зарим нь намайг мөнгөгүй, ганц бие, азгүй амьтан гэж бодож магадгүй. Миний хуучин хувилбар энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхөд ичмээр байсан. Харин одоо надад энэ бүхэн хамаагүй. Учир нь маш энгийн. Би байгаагаараа төгс, аз жаргалтай байна.

Би ихэнх материаллаг эд хогшлоосоо салж чадсан. Би зөвхөн өөрт хэрэгцээтэй, шаардлагатай зүйлүүдээ байлгахаас гадна хамгийн чухал амьдралын үнэт зүйлийг ойлгосон юм. Тэр нь аз жаргалын жинхэнэ утга учир байлаа.

Бид илүү их зүйлтэй байх тусмаа илүү аз жаргалтай болно гэж боддог. Маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй. Тиймээс бид чадах хэмжээгээрээ цуглуулсаар л байдаг. Үүний тулд ихээхэн мөнгө шаардлагатай. Бид аажмаар хүмүүсийн мөнгөтэй, мөнгөгүйг хэмжин шүүмжилж эхэлдэг.

 

Би үргэлж минималист байгаагүй. Би хэрэггүй эд хогшил цуглуулдаг байсан ч хаяж чаддаггүй байлаа. Завтай болохоор уншина гэж боддог хөглөрсөн номнууд, хэдхэн удаа өмссөн ч шүүгээгээр дүүрсэн хувцаснууд, чөлөөт цагаараа сурна гэсэн хэлний CD зэрэг өрөөг дүүргэж буй бүх зүйлээс залхсан.

Надаас илүү амьдарч байгаа хүмүүстэй өөрийгөө харьцуулдаг байв.

Мөн надаас илүү амьдарч байгаа хүмүүстэй өөрийгөө харьцуулдаг байв.

Коллежид хамт сурсан найзынхаа гэрт зочилсон юм. Тэр томоохон компанид ажиллаж, хангалттай цалин олж, хөөрхөн эмэгтэйтэй гэрлэж, хүүхэдтэйгээ болсон байлаа. Бид коллежид яг л адилхан оюутнууд байсан шүү дээ. Яагаад бидний амьдрал ийм их ялгаатай байна? гэж бодов.

Миний байшингаас хоёр дахин үнэтэй, шинэ, цагаан Ферари унан миний хажуугаар өнгөрөхөд би дугуйтайгаа хараад үлдсэн юм. Энэ явдлын дараа сугалаа хүртэл худалдан авч хожно хэмээн ихэд найдаж байсан. Санхүүгийн асуудлаас болоод найз охиноосоо ч салсан.

Тухайн үед юунд ч анхаарлаа бүрэн төвлөрүүлж чаддаггүй, хий дэмий л цагаа үрдэг хүн байсан бөгөөд үүнээс зугтахын тулд архи хэрэглэдэг байв. Нэг хэсэг амьдрал минь болж байгаа мэтээр жүжиглэж байж. Би өөрийгөө болон бусдыг өрөвдөлтэй байдалд оруулж байлаа.

 

Энэ бүх явдлын дараа би шинэ хүн болж, олон зүйлд баяртай гэж хэлсэн. Би эмх замбараагүй, эд хогшлоосоо ангижирснаар өдөр ирэх тусам аз жаргалтай болж эхэлсэн юм.

Хэрвээ та өөрийгөө сул дорой мэт мэдэрч, өөрийгөө бусадтай харьцуулж, таны амьдрал сүйрсэн мэт санагдаж байгаа бол зарим эд зүйлсдээ баяртай гэж хэлэх цаг ирсэн байна.

Хүн бүр аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Гэвч аз жаргалыг худалдаж авах нь түр хугацааны зүйл. Жинхэнэ аз жаргал ирэхэд бид төөрсөн байдаг.

Минималист хэв маягаар амьдрахыг хүссэн хүмүүст дараах зөвлөгөөг хүргэж байна.

  • Хэрэгцээгүй зүйлсээ хаях

Тансаг хийцтэй нүсэр том тавилганаас илүү авсаархан, цэвэрлэхэд хялбарыг сонгож, чанартай цөөн хэдэн хувцастай байхыг эрхэмлэ. Бид хэрэггүй зүйлсийг өндөр үнээр худалдан аваад эргээд түүнийгээ хаяж чаддаггүй. Тэр бүхнийг эмхэлж цэгцлэх, угааж арчлахад хамаг цагаа зарцуулж, үүндээ бухимддаг.

Бид үнэндээ маш олон сонголт дунд амьдардаг. Сонголт багасах тусам бухимдал багасна. Ингэснээр бид хэрэггүй зүйлд цаг зарцуулах шаардлагагүй болж, мөнгөнд ч хэмнэлттэй амьдарна.

  • Цахим хэрэглээг зүй зохистой ашиглах

Ихэнх хүмүүс өдөрт цахим ертөнцөд хоёр цагийг зарцуулдаг. Энэ нь твиттер, фэйсбүүк хаягаа хаа гэсэн үг биш. Бид утсан дээрх хэрэггүй аппликешнүүдээ устгаснаар маш их үнэт цагийг хэмнэж, өөрийн дотоод ертөнц, аз жаргалдаа анхаарлаа хандуулах боломжтой болно. 

  • Олон зүйлийг зэрэг хийхээ зогсоо

Олон зүйлийг зэрэг амжуулах гэж оролдсоноор хүний тархи хэт их ачаалж, бухимддаг. Харин үүний оронд нэг зүйлд төвлөрснөөр та илүү бүтээлч байх болно.

  • Хувцасны шүүгээгээ төрөлжүүл

Ямар ч хувцсан дээр зохидог, хэзээ ч өмсөж болохоор хувцастай бол. Тухайлбал эмэгтэйчүүдийн хувьд хар даашинзыг ямар ч үйл явдалд өмсөх тохиромжтой. Таны ажил амьдралд тохирох хэв маягийн хувцсыг сонгоод ээлжлээд өмсөөд байж болно шүү дээ.

  • Бага зүйлтэй аял

Аялалд гарахдаа авч явах гэж буй хувцасныхаа талыг нь бэлд. Цөөхөн эд зүйлстэй явснаар та эрх чөлөөг мэдэрнэ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.NEWS.GOGO.MN 

сүүлд засварлагдсан 2024-05-03 04:53:42
18 + 19 = нийлбэрийг ол!