Жингийн туухай

Уран зохиолын шүүмж гэдэг зүйл уншигчдыг чиглүүлэхийн сацуу уран бүтээлч болоод уран бүтээл хоёрын чанар чансааг жингийн туухай дээр тавин хэмждэг бололтой. Шүүмжлэгч, судлаач Г.Батсуурь нийтийн уран зохиолын шүүсийг шахсан хатуухан шүүмжүүдийг бичсэн. “Мета утга”-аас эхлээд “Уран зохиол судлал, шинжлэл” цуврал ботьд ч түүний шүүмж бий. Монголын уран зохиолын “жингийн туухай” болсон цөөн хэдэн шүүмжлэгчийн нэг болох Батсуурьтай ийнхүү ярилцлаа.  

-Та хэдийнээс шүүмж бичиж эхлэв?

-Нилээн хожуу 2010 оноос эхэлж  шүүмж бичсэн. Өмнө нь уншаад, хичээл заагаад л явдаг байсан. Залуу байхад хүн хамаагүй л юм бичнэ. Сүүл рүүгээ л бичсэн. Тэр нь ч зөв болсон байх гэж боддог.

-Уран зохиолын шүүмж гэх зүйлийг Д.Галбаатар, С.Энхбаяр, Г.Батсуурь гэх хүмүүсээр л төсөөлж явна. Багш хүний хувьд залуу үеийнхэн энэ тал дээр ямархуу байр суурьтай байх шиг санагдаж байна вэ?

-Яахав, энэ мэргэжлээр сурч байгаа хүүхдүүд байгаа. Бид ер нь монгол хэл, уран зохиолын л багш нар шүү дээ. Үүн дотроо хэл шинжлэл, урлаг судлалын ангийн хүүхдүүд ч бичиж болох л байх. Гэхдээ залуучууд бичихгүй байгаад олон шалтгаан байгаа. Нэгт гэвэл сонирхолоосоо болж байгаа нөгөө талаасаа авьяас гэж зүйл бий. Шүүмж бичихэд хөшүүргэ гэх үү дээ, үүгээрээ мөнгө олоод амьдарна гэдэг зүйл байхгүй л дээ. Үндсэн ажлынхаа хажуугаар оюутан залууст баримжаа болгох үүднээс мөн өөрсдийн хичээл дээр яриад байгаа зүйлээ олонд хүргэх, уран зохиолын чанар чансааг авч үзэх гээд иймэрхүү сонирхлоор л бичээд явж байна. Оюутнуудын хувьд одоо бичихгүй ч гэсэн төгсөөд хэдэн жилийн дараа бичдэг хүмүүс гарч ирэхийг үгүйсгэхгүй.

-Шүүмж бичсэнийхээ төлөө шүүхэд дуудагдсан. Энэ талаараа ?                 

-Би одоо тэр талаар учиргүй яриад байх нь ч хаашаа юм. Яах вэ, тэр нэг байх ёстой зүйлсийн нэг нь л байх. Энэ талаар ч зөндөө ярьсан, уран зохиолын шүүмжээс болсон гэхээсээ илүүтэйгээр эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан гэсэн үндэслэлээр л шүүхэд дуудсан. Энэ талаар нэг их яриад байх сонирхолгүй л байна. Ажилд их саадтай юм билээ. Тэгээд л хурдан салахын түүс болсон доо.

-Сэтгүүлч Лодойсамбуу хоёр жилийн өмнө “Шүүмж, доромж хоёроо ялгаж салгачихаад гуншингаа цувуул гэжээ. “Эрэгтэй шүүдэрцэцэг буюу эрээчих дон” шүүмжээ та тэгээд шүүмж л гэж бодож байгаа биз дээ?

-Шүүмж гэж бодолгүй яах вэ. Гуншингаа ч гэж юугаа ч яриад байгаа юм. \инээв.сур\ Миний шүүмж дотор үнэхээр доромжилчихсон юм шиг зүйл байдаг аа. Гэхдээ тэдний бичиж буй зүйл уншигчдыг доромжилж байгаа юм шиг л санагддаг.

-Уран зохиолын шинэчлэлийг бүхэл бүтэн нэг үеийнхэн хийдэг гэлцдэг. Тэгвэл Монголын уран зохиолд хэд, хэдэн оныхон гал өрдөж вэ?

-Орчин үеийн уран зохиолыг авч үзвэл хэд хэдэн давалгаа байдаг шиг. 1930-аад оныхон бол том давалгаа байсан. Д.Нацагдорж, Г.Сэр-Од гээд сод зохиолчид уран бүтээлээ туурвиж монголын орчин үеийн уран зохиолын уран сайхны хэл төлөвших суурийг нь тавьж өгчээ. Дараагийн том давалгаа бол Явуухулан тэргүүт 1960-аад оныхон юм. Хэдий социализм нурсан ч тэр үеийн хүмүүс маргаашдаа итгэх итгэлээр дүүрэн байсан. Тэр үед шинжлэх ухаан их хөгжсөн байлаа. Тухайн үеийн Америкийн ерөнхийлөгч 10 жилийн хугацаанд саран дээр бууна гэсэн зорилт тавьсан. Тэр үеийн яруу найраг сансар огторгуйн бадрангуй аястай байсан.  Ахин гучин жилийн зайтай 1990-ээд оныхон монголын уран зохиолд цоо шинэ өнгө аяс, чөлөөт сэтгэлгээний дуулал оруулж ирсэн. Ингээд XX зуунд монголын уран зохиолд гуч, гучин жилийн зайтай шинэчлэл хийгдсэн. Уран зохиол гэдэг бүх цаг үедээ л шүүмжлүүлдгийгээ, шүүмжилдгээ, шинэчлэдэгээ, муулуулдагаа дагуулаад л явдаг юм шиг байна. 1930 онд ч ийм л байсан юм байна лээ. Сэнгээ гэдэг хүн шүүмж бичээд Буяннэмэх эрхийг нь хасна гээд явж л байсан. Дараа нь Хасбаатар, Билгээ багш гээд олон шүүмжлэгчид байсан. Одоо ч гэсэн байгаа. Үндэстний уран зохиолын хөгжлийн давалгаа, шинэчлэл гэдэг өөрийн дотоод хууль, зүй тогтолтой, нийгмийн амьдрал болон бусад зүйлээс хамаарсан жамтай байдаг юм шиг байгаа юм, түүгээрээ л явж байгаа гэж ойлгодог.

-“Шинэ мянганы яруу найраг”, “Нэн шинэ үе” гэсэн антологууд гарч байжээ. Тэд нэн шинэ үеийнхэн байж чадах болов уу?

-Түүнийг одоо хэлэхэд арай эрт байх. “Сонгодог” гэж тодорхойлоход цагийн шалгуурыг давах гэдэг нэг үзүүлэлт байдаг. Үнэхээр цагийн шалгуур давсан уу? гэж үзэхэд шинэ хуучин нь мэдэгдэнэ. “Нэн шинэ үе” гээд хэлчихэд юун ч буруу байхав, өнөөдөр бичиж байгаа шинэ үеийнхэн л юм чинь, ер нь үе болгоныхон өөрсдийгөө шинэ үеийнхэн л гэж боддог. Тэр нь хожим хойноо л үнэлэгддэг зүйл байх л даа. Хүн өөрөөсөө хүнийсэх гэмээр юм уу даа, тэр утгаараа уран зохиол, яруу найрагт сэтгэл гэдэг юмны орц арай бага, залуусын шүлгийг харахад сэтгэлгээний маш хурдан солигдлууд, дэс дараалласан тоочилтууд яваад байгаа юм шиг санагдаад байгаа. Өмнө нь сэтгэлийн тухай, сэтгэлээ нээж бичдэг ч юм уу, Нацагдорж, Явуухулан, Нямсүрэнгийн үед яруу найргийн төв нь “сэтгэл” байсан бол одоо сэтгэлгээ нь төв болоод байх шиг.

-Онгод авьяас хоёрт ялгаа бий болов уу? Ер нь онгод гэж байдаг уу?

-Онгод мэдээж байдаг. Авьяастай хүнд л онгод ордог гэж ойлгоод байгаа. Яагаад ийм итгэлтэй хэлээд байна вэ гэхээр уран зохиолын давтагдашгүй гэдэг зүйл онгодтой л холбоотой. Тухайн үеийн онгодоор бичсэн зүйл давтагдах боломжгүй. Онгод бол өвөрмөц сонин зүйл байх. Лхагвасүрэн гуай “Бичих хүсэл, ханасан бодол хоёрын уулзвар бол онгод” гэж хэлсэн байсан. Яг нарийн тодорхойлоогүй ч онгод гэж бий, зохиолч, яруу найрагчид бүгд л хүлээн зөвшөөрдөг.

-Уран зохиолыг сонгодог, сонгомол, хээнцэр, нийтийн гэж ангилдаг. Тэгвэл хар масс гэж нэрийдээд байгаа нийтийн зохиолчдоосоо уншигчид яагаад салах дургүй байдаг юм бол доо?

-Энэ нь нийгмийн хөгжил, ард түмний боловсролын түвшин, гоо зүйн боловсрол гэх мэт өчнөөн хүчин зүйлээс хамаардаг. Эдийн засагтай ч холбоотой зүйл. “Агуу их уншигчид агуу их уран бүтээлчийг төрүүлдэг” хэмээх үг байдаг даа. Тэгэхээр ер нь ямар уншигчид, ямар ард түмэн байна түүндээ л таарсан зохиолчид байдаг шиг байгаа юм. Мэдээжийн хэрэг нийгэмд элит гээд тодорхой нэг хэсэг байгаа түүнийгээ тухайн үедээ ойлгож байсан тохиолдол хүний нийгмийн хөгжлийн явцад байдаггүй юм шиг байна лээ. Яг манайх шиг жамаараа л яваа.

-Зүс бүгэг андууд, Хүрээ хөвгүүд, Гуну гэх мэт сүүлийн үеээс Хөх мэдрэхүй, шинэ үнэр бүлгэмүүдийг эс тооцвол энэ бүлгэмүүд шиг бүлгэмүүд одоо яагаад байхгүй байна вэ? Даган дуурайж, үлгэрлэх хүн байхгүй байна уу? Үгүй байлтай.

-Үзэл бодлоороо нэгдэж байсан нэг хэсэг, тодорхой нэг лидерийг дагаж төлөвшиж байсан нэг хэсэг байгаа байх, залуучууд үзэл бодлоороо нэгдэхгүй, тодорсон нэг лидерийг дагахгүй өөр өөрийнхөөрөө бичье гэж бодож байгаа юм байна л даа. Энэ нь ч зөв байж болно. Гэхдээ уран зохиолын хөгжилд бүлэг бүлгэмүүдийн оруулсан хувь нэмэр их байдаг. Дэлхийн уран зохиолд ч тэр, нөгөө талаасаа хүн хүнээсээ ондооших гэж модерн урлагт бичээд байгаа шиг найз нөхөдгүй, ганцаараа явахыг илүүд үзэх энэ ч нөлөөлж байж болох юм.

-Д.Нацагдоржийн “Харанхуй хад”-ны үзэл санаа... судлаачид өөр өөрийн арга барил, мэдрэмжээр тайлбарласан байдаг таны бодлоор?

-Би “харанхуй хадаас үүдсэн шизоанализийн таталбар” гээд шүүмж бичсэн. Тэр олон судлаачдын бичсэн зүйлээс манай оюутан Батзоригийн абсурд гэж авч үзсэн нь илүү үндэслэлтэй юм шиг санагдсан. Тэрээр “Харанхуй хад”-ыг бичихдээ ямар нэг үзэл санаа гаргая эсвэл шизотой гэдгээ мэдэгдье гэж бодоогүй байх. Зүгээр л нөгөө онгод гэх зүйл нь ороод бичсэн байж ч болох юм. Гэхдээ цоо эрүүл байж байгаад, эрүүл ухаанаар бичээгүй л гэж боддог. Монголын утга зохиол судлалд Д.Нацагдоржийг их зохиолч, их сайхан хүн гэж л судалж ирсэн. Яг үнэн амьдрал дээрээ архичин л байсан, эхнэрээсээ салсан, герман руу, орос руу явсан ирсэн, гүтгүүлсэн, шоронд орсон, архинд ороод гудамжиндаа л нас барсан. Бүрх малгайтай гоё залуу, мундаг хүн байсан гэж бодоод бичих, үнэн амьдралыг нь бодоод бичих хоёрын хооронд ялгаа бий. Миний хувьд Нацагдоржийг ганцаардлын шизофрентэй байсан байх тэр нь “Харанхуй хад” дээр илэрсэн гэсэн үүднээс бичсэн.

-Яруу найраг руу эргээд оръё. Та Болор цом наадмын талаар хатуухан шүүмж бичиж байсан. Тэгвэл 2019 оны “Болор цом-36” наадмыг шүүсэн. Дараагаар нь таг чимээгүй болсон. Яагаад чимээгүй болов оо? Балар замыг нь гэрэлтүүлчихээд чимээгүй болчихов уу? Гэрэлтэхээсээ өнгөрч гэж бодоод чимээгүй болчихов уу?

-Болор цом наадмыг зохион байгуулж байгаа хүмүүс санал тавьсан. Би бас утга зохиолын тогоонд чанагдаж байгаа хүний хувьд хөндлөнгөөс хараад шүүмжлэхээс илүү, дотор нь ороод ажиллаад үзвэл ямархуу байдаг юм бол гэсэн бодлоор ажиллаж үзсэн. Шүүгчдийн дунд тэрний оноог нэмж хасъя гэсэн яриа байгаагүй амьхандаа л шударга шүүсэн гэж бодож байгаа. Цахим ертөнцийн дуулианыг харж байхад энэ жилийн болор цомын үнэлэмж дээшилсэн гэж ойлгоод л явж байгаа. Шүүмж бичээгүйн хувьд өөрөө шүүчихээд сайн боллоо ч гэх юм уу, муу боллоо ч гэх юм уу, өөрийгөө юу гэж ч бичих юм билээ гэж бодоод бичээгүй л дээ. \инээв.сур\

-Та 2015 онд  Grand news-д өгсөн ярилцлагадаа “ шүүмжлэгчид муу зохиолчдыг тоож үг дуугардаггүй” гэжээ. Тэгвэл та муу зохиолчдыг тоож дуугарсан бас л анхны шүүмжлэгч байх нь ээ?

-Номоо авч ирж өгөөд л юм бичүүлье гэдэг хүмүүс байдаг. Бичих гэхээр нөгөө ном нь авах юм байхгүй, таньдаг мэддэг учраас дуугүй орхичихдог. Тэр нь өөрөө яаж үнэлж байгааг харуулж байгаа гэсэн утгаар хэлсэн болов уу, яахав хар массын тухай хамгийн их шүүмж бичдэг хүн нь би байх, түүнд нэг шалтгаан байна л даа. Би хичээл заадаг оюутнууддаа унших номын даалгавар өгнө. Гэтэл оюутнууд маань хар массынханы зохиолыг гоё, сайн гэдэг. Тийм учраас оюутнууддаа чиг баримжаа болохын тулд л тэдний талаар бичдэг. Шүүмжиллээ гээд тухайн зохиолч сайжирдаггүй. Хүн ер нь магтуулах л дуртай амьтан. Хамгийн гол нь уран зохиолд зааг ялгаа тогтоох, цаашлаад залуу үеийнхэн үүнээс авахаа авч, хаяхаа хаях ёстой юм.

-“Эрдэнийн анима” шүүмжийг уншсан л даа. Анима гэдэг нь эрэгтэй хүний эмэгтэйлэг шинж, тэгвэл монголын уран зохиолд Эрдэнэ гуай шиг аниматай эрэгтэй зохиолч бий болов уу?

-“Шизоанализын таталбар” шүүмждээ Нацагдоржийн хам шинж, Явуухулангийн хам шинж, Лхагвасүрэнгийн хам шинж, Эрдэнийн хам шинжид орох зохиолчдыг бичсэн байдаг. Эрдэнийн хам шинж буюу эмэгтэй хүнийг муу муухайгаар бичиж чаддаггүй хүмүүсийн нэг тод жишээ нь Санжийн Пүрэв гуай байсан. Пүрэв гуайг Горькийн сургууль төгсөхөд тодорхойлолт дээр нь “эмэгтэйлэг зохиолч” гэж бичиж өгсөн байдаг юм байна лээ л дээ. Зохиолынх нь эмэгтэй дүрүүд их уянгатай, зөөлөн байдаг.

-Ер нь нийгэм цаг үе, үндэстнийхээ онцлогийг бичсэн зохиолчид нобелийн шагнал хүртдэг юм шиг, ер нь манай зохиолчид дэлхийн жишигт нийцсэн зохиол бичиж чадаж байна уу?

- Дэлхийн уран зохиолын сонгодогууд манай уран зохиолыг авч үзээд монголын уран зохиол яасан муу юм бэ? Гэх зүйл байхгүй, ерөөсөө ч дутах юм байхгүй. Монголын нууц товчооноос эхлүүлээд дэлхийд гарын таван хуруунд л багтахаар түүхийн сурвалж бий. Өнөө үеэс гэвэл Аюурзаны романууд байна, дэлхийн зохиолчдын бичдэг арга барилаар л бичиж байгаа. Дэлхийд танигдах үнэлэгдэхийн хувьд олон зүйл байна. Жишээлбэл тухайн хэлээр хэлэлцэгчдийн тоо, монгол хэлээр хэдэн хүн хэлэлцэж, уран зохиол уншдаг юм, гурван саяаас ер нь нэг сая нь уран зохиол уншдаг юм уу үгүй юм уу? Өвөр монгол гээд монгол хэлтэйд тооцогдох ч монгол уран зохиолыг уншаад байна уу, үгүй юу гэдэг асуудал. Нөгөөтэйгүүр орчуулаад гаргалаа гэж бодоход нүүдэлчдийн өвөрмөц сэтгэхгүйг яг тэр өнгө аясаар нь орчуулж гаргаж чадах уу, үгүй юу гээд өчнөөн асуудал бий л дээ.

-Монголоо бичихээр аав, ээж, адуу малаасаа өөр юм бичсэнгүй гэдэг болж?

-Манай өөрийн хэдийн томъёолсноор “Үгээгүй малчны уран зохиол” гээд байгаа шүү дээ. “Нүүдэлчний реализм” гээд Цэнджав багш нэг юм бичсэн. Би бол 60-аад оноос хот байгуулагдсан гэж үзвэл ерөнхийдөө одоо төлөвшчихлөө гэж ойлгоод байна. Урбанизм гэж хэлээд байгаа хотын уран зохиол ч гайгүй л бичигдээд явж байна. Түүнийгээ харин монгол сэтгэхүйтэй холбож бичвэл...

-Одоогоор танд шүүмж  бичих гээд судалж байгаа зүйл байна уу?

-Хичээлд шаардлагатай уран зохиол задлалын ном бичиж байгаа болохоор одоохондоо шинэ шүүмж эхлүүлээгүй байна. Гэхдээ бичнэ, тэрийгээ бол хаяж чадахгүй шүү дээ. Одоо нэг их дуулиан шуугиан болоод байх сонирхол алга даа, намба сууж байгаа юм байлгүй дээ \инээв.сур\

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

МУИС, Утга зохиол судлалын II дамжааны оюутан М.Дэвээжаргал  

сүүлд засварлагдсан 2024-04-19 15:12:18
17 + 15 = нийлбэрийг ол!