Дуут сумын товч танилцуулга

Дуут сум нь Ховд аймгийн сум юм. Сумын төв нь 1942 онд "Босгын эх" гэдэг газар байгуулагдсан. Далайн төвшнөөс дээш 2400 гаруй метрт оршдог, Монголын хамгийн өндөр цэгт оршдог суурин газар гэдгээрээ онцлогтой. 217,7 мянган га газар нутагтай, 167100 толгой малтай, 4 багтай, 2056 хүн амтайн 85 гаруй хувь нь Урианхай, үлдсэн хувийг халх болон бусад ястнууд эзэлдэг.

Газарзүй

Дуут сумын нутгийн дийлэнх нь Монгол Алтайн нурууны сүрлэг өндөр уулсыг дамнан оршдог. Бүргэтэй хайрхан, Жинст, Хонгор, Битүүт, Хөх хавцал, Маш, Улаан даваа зэрэг далайн төвшнөөс дээш 3500 метрээс өндөр өргөгдсөн, Алтайн нурууны сүрлэг оргилууд тус сумын нутагт олон бий. Мөн Битүүт, Цэнхэр, Балинтын түргэн урсгалт голууд, уулын сүрлэг хавцлуудыг тус сумын нутгаас олноор харах болно. Тус сумын нутагт эртний түүх дурсгал болох Түрэгийн үеийн хадны бичээс, чулуун хөшөө, байгалийн сонин тогтоцтой, чонын хэлбэртэй чулуу, мөөгөн хад, өөр хаана ч тохиолддоггүй бөөрөнхий чулууг харж болно. Цэнхэрийн гол болон Хойд голд байгалийн үзэсгэлэн хосолсон Ховд аймагт цөөн тааралдах төрөл бүрийн модон шугуйнуудтай. Хөхбөөрөг, Харлаг хад, Нэвт зэрэг дээр үеэс нааш нутгийн ард иргэдийн дээдэлж, хүртэж ирсэн олон төрлийн өвчин эмгэгийг анагаах увидастай рашаанууд тус сумын нутагт бий.

1927 он хүртэл Урианхайн баруун амбаны дархан гүний хошуу гэж нэрлэгдэж байв. Хошууны сүүлчийн засаг ноёноор Жамьяанжав гүн захирч байжээ. 1927 онд ардын засгийн газраас засаг захиргааны нэгжийн өөрчлөлт хийх үед хошууны Ардын Бүгд Нийтийн Хурлаас хошууны нэрийг“Түвшин нуурын хошуу” гэж нэрлэн анхны хошуу даргаар Жожоо ноёны хүү Жамьяанжав гүний ах Урианхайн ИХ ХҮРЭЭНИЙ да лам Чүлтэмийг сонгожээ. 1942 оныг хүртэл тус сум нэрээ 2 удаа сольж байсан байна. 1942 оны 6-р сард БНМАУ-ын нутаг засаг захиргааны шинчлэлтээр Дуут, Булган, Дэлүүн хэмээн гурван сум болон хуваагджээ. 1942 оны 6 сард Дуут сум нь 10 багтай 408 мян га газар нутагтай, 3500 орчим хүн амтай, 600 орчим өрхтэйгээр Шивэрийн эхэн хужиртад 4 гэртэйгээр байгуулагджээ. 1942 оны 9 сард одоогийн байрлаж байгаа Босгын хавцлын эхэнд шилжин байршжээ. 1942 онд сумын анхны даргаар Дангаагийн Амгаа гэдэг хүн ажиллаж байв. 1956 оны 4 сард засаг захиргаа болон газар нутгийн зохион байгуулалтаар Дуут сумыг татан буулгаж 1, 8, 9-р багуудыг Буянт суманд, 2, 3, 4 –р багуудыг Манхан суманд, 5, 6, 7-р багуудыг Ховд суманд, 10-р багийг Мөст суманд шилжүүлжээ.

Байгаль цаг уурын хувьд эрс тэс уур амьсгалтай. Өндөр уулын бүс нутагт хамаарагддаг.

Алтайн Аргаль, Янгир, Ирвэс, Шилүүс, Суусар, Мануул, Хойлог, Ятуу, Ахуун, Ёл, Тас болон 120 гаруй төрлийн ан амьтан, жигүүртэн шувуудтай.

20 орчим гол горхи, 30 гаруй нуур цөөрөмтэй, усан судал сайн хөгжсөн, Нэвтийн рашаан амралт, Хөхбөөрөг, Харлаг хадны зэрэг элэг цөс, дотрын рашаануудтай.

Дуут сумын төв нь далайн түвшнөөс 2400 метрийн өндөрт орших бөгөөд улсын хэмжээнд хамгийн өндөр цэгт байрладаг суурингаар тодорхойлогддог. Сумын хамгийн өндөр цэг нь Хөх хавцлын хяр 4015 м, хамгийн нам цэг нь Цагаанбургасны Морин замын ам 1760 метр байна.

Тус сум нь Улаанбаатараас 1510 км, аймгийн төвөөс 67 км зайтай оршдог. Сум нь хойд талаараа Ховд аймгийн Ховд, Буянт сумуудтай, өмнө талаараа Мөнххайрхан, баруун талаараа Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Булган, зүүн талаараа Буянт, Манхан сумуудтай хиллэдэг.

сүүлд засварлагдсан 2024-03-28 17:23:54
8 + 1 = нийлбэрийг ол!