Булган суманд улсын төвсийн 6,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 50 ор бүхий шинэ эмнэлэг баригдаж сар шинийн босгон дээр нээлтээ хийлээ. Булган сум нь 10 гаруй хүн амтай бөгөөд хил гаал, цэргийн ангийн ажилтан албан хаагчид болон хилээр нэвтэрч байгаа иргэд гээд нийтдээ 25000 гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэн ажилладаг байна. Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлэг 35 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байсан бол ийнхүү орчин үеийн стандарт шаардлага хангасан 50 ортой эмнэлэг болон өргөжлөө. Булган сум нь хүн ам олонтой нийслэлээс 1500 гаруй км алслагдсан бүсэд оршдог учраас хүн ардын эрүүл мэндийн асуудал нэн тэргүүнд анхаарч үзэх асуудлуудын нэг байдаг. Тиймээс сум орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн О.Батнасан болон үе үеийн төрийн түшээдийн үүрэг оролцоотойгоор ийнхүү монгол улсдаа гуравхан байдаг 50 ор бүхий шинэ эмнэлэгтэй болж байгаад эмнэлэгийн ахмад ажилчид болон иргэд хөдөлмөрчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.
Тус эмнэлэг нь нийт 67 ажилтантай бөгөөд 10 ерөнхий эмч, 7 тасаг нэгжтэйгээр ажилладаг байна. Түүнчлэн энэхүү эмнэлэгийн зарим шаардлагатай тоног төхөөрөмж, тасаг нэгжүүдийг тохижуулах ажилд сумын иргэд хөдөлмөрчид болон сум, аймгийн удирдлага, төрийн түшээд идэвх санаачилгатай оролцож хувь нэмрээ оруулж байна. Тухайлбал, “Интернэшнл рөүд” ХХК-ны захирал Б.Нямдаваа тэргүүтэй 2000 оны төгсөлтийн хамт олон мэс заслийн тасагт 10 сая гаруй төгрөгийн үнэ бүхий хагалгааны гэрэл, бусад багаж, хэрэгсэл хандивлаж байв. Энэ мэтчилэн сумын бизнес эрхлэгч, төгсөгчид болон ахмадууд сэтгэл зүтгэл гарган хувь нэмрээ оруулсаар байна.
Булган сумын иргэд хөдөлмөрчид ийнхүү эмнэлэгийн тохижилтонд зориулж өнөөдрийн байдлаар 70-аад сая төгрөгийн хандив тусламжаас гадна өрөө тасалгааг тохижуулах эд материалын дэмжлэгүүд их үзүүлж байгаа бол УИХ-ын гишүүн О.Батнасангийн зүгээс орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн 50 орыг Тайваны тусламжтайгаар нийлүүлэхээр болжээ. Ингэснээр тус эмнэлэг нь 75 ортой болж өргөжих боломжтой юм.