“Хүчирхэг охид” уулзалт хэлэлцүүлэг боллоо

Залуу хойч үеийнхээ боловсрол эрүүл мэндийг дэмжиж, хүмүүжил хандлагыг сайжруулах нь өнөөгийн нийгэм дэхь үлгэрлэн дуурайгч ээж аав, ах эгч нарын хамгийн том хөрөнгө оруулалт, хувь нэмрийн нэг билээ.  

Тэгвэл өнгөрөгч даваа гараг буюу 11 сарын 25-нд Ховд аймаг дахь НАМЭХ-оос “Хүчирхэг охид” уулзалт, хэлэлцүүлгийг Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7 сургууль, Хөгжил Политехник коллежийн оюутнуудын төлөөлөл болсон охид, эмэгтэйчүүд болон зарим ээжүүдийн дунд хийлээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд хүүхэд залуучуудад мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар болон өсвөр нас болон шилжилтийн насны онцлог түүнийг хэрхэн ухаалгаар даван гарах, Охид бидний ухаалаг хэрэглээ, Охид бидний ирээдүй гэсэн сэдвүүдийн дор илтгэл мэдээлэл өгсөн юм. 

 

Тухайлбал, Охидын эрүүл мэнд, эрүүл ахуй, мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ гэдэг талаар илтгэл лекц уншив. Мөн гэр бүлийн боловсролоор дамжуулан санхүүгээр хэрхэн зөв зарцуулж сурах вэ гэдэг чиглэлээр ээжүүд болон охидыг хамтад нь мэдлэгжүүлэх сургалт явууллаа. Түүнчлэн ирээдүйд эмэгтэй хүн, ээж хүн болоход охид одооноос юуг анхаарч, үндсэн суурь ойлголт, зарчмаа болгож явах вэ гэдэг талаар мэдээлэл өглөө. Мөн хувь хүний зөв хандлага ойлголтыг нэмэгдүүлэх, аливаа зүйлд эерэг хандаж байж ирээдүйд сайн ээж, сайн эмэгтэй хүн болох нь гэсэн үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд сургалт хэлэлцүүлгийг явууллаа. 

Уг сургалт хэлэлцүүлэгт нийт 400-аад хүн оролцож мэдээлэл, зөвлөгөө сонсож, өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлж нэгэн өдрийг үр дүнтэйгээр өнгөрүүлсэн чухал арга хэмжээнүүдийн нэг байлаа. Учир нь ээжүүд болон охидууд хамтдаа суугаад нэгдсэн нэг мэдээлэл, ойлголттой болно гэдэг бол тухайн гэр бүл, хамт олон дахь уур амьсгал төдий чинээ сайжирч бэхжинэ гэсэн үг. Тиймээс энэ мэт нийгэм, олон нийт рүү чиглэсэн соён гэгээрүүлэх ажлуудыг олноор хийж байх нь юу юунаас илүү эрэлт хэрэгцээтэй байна. 

 

 

 

 

 

сүүлд засварлагдсан 2024-05-02 11:29:40
6 + 16 = нийлбэрийг ол!