О.МӨНХСАЙХАН: ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТӨӨР ШҮҮХ БҮХЭЛДЭЭ НЭГ ХҮНЭЭС ХАРААТ БАЙДГИЙГ БОЛИУЛЖ “ШУДАРГА БУСЫН ХОНГИЛ”-ЫГ НУРААНА

-АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЗАРИМ ХҮМҮҮС ӨӨРСДИЙГӨӨ ХЭЛМЭГДСЭН МЭТ МЭДЭГДЭЛ ХИЙЖ “АРД АЮУШ”-ЫН ДҮРД ХУВИРАХЫГ ОРОЛДОЖ БАЙНА- 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой дэд хэсгийн ахлагч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхантай ярилцлаа. 

-Шүүхийн шинэчлэл гэж өмнөх Ерөнхийлөгчийн үед хүчтэй ярьж байсан. Одоо ч шүүхийг тойрсон шүүмжлэл тасрахгүй байна. Уг шинэчлэлийн үр дүн ямар байна?

-1992 оны Үндсэн хуулиар хараат бус, шударга шүүх эрх мэдлийг бэхжүүлэх замаар хүн бүрийн эрх, эрх чөлөөний баталгааг хангахыг зорьсон. Шүүгч нь хүний амьдралын хамгийн чухал асуудлын хувь заяаг эцэслэн шийдвэрлэхдээ маргагч талуудын хэн нь эрх мэдэлтэй, мөнгөтэй, танил талтай вэ гэдгээр бус, харин хэнд нь илүү нотлох баримт, хууль зүйн үндэслэл байна вэ гэдгээр нь шийдвэрлэнэ гэсэн үг. Өнгөрсөн 27 жилд шүүхийн шинэчлэл үе шаттайгаар хийгдэж ирсэн. Сүүлийн 10 жилд жирийн иргэдийн шүүхэд итгэх итгэл тодорхой хэмжээгээр нэмэгдсэн талаарх Сант маралын судалгаа байна. Мөн Монгол Улс адил гараанаас гарсан буюу доогуур дундаж орлоготой бусад 30 улстай харьцуулахад эхний гуравт багтаж байна. Гэвч бизнес эрхлэгчдээс авсан асуулгаар шүүх хараат бусаар ажиллаж чадахгүй хэвээр байхаас гадна Дэлхийн өрсөлдөх чадварын индекс дэх үзүүлэлтээр 140 улсаас 113-т жагсаж сүүл мушгиж байна. Олон нийтийн анхаарал татсан хэргүүдийг хянан шийдвэрлэж буй байдал ч зарим талаар эргэлзээ төрүүлж байна. Эдгээрийг нэгтгэн дүгнэж хэлбэл, жирийн иргэдтэй холбоотой хэргийг шийдвэрлэхэд ахиц дэвшил байгаа ч ихээхэн мөнгөн дүнтэй эсхүл улс төрийн том ашиг сонирхол хөндсөн хэргүүдийг шүүх шударгаар шийдвэрлэж буй эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ байсаар байна. Хэрэг маргааныг шударга бусаар шийдвэрлэх энэ эрсдэлийг “шударга бусын хонгил” гэж хэлээд байгаа юм. Үүнийг далимдуулж авлигын гэмт хэрэг үйлдсэн зарим хүмүүс өөрсдийгөө хэлмэгдсэн мэт мэдэгдэл хийж иргэдийн дунд “Ард Аюуш”-ын дүрд хувирахыг оролдож байна. Энэ мэтэд бодитой хандаж, ялгаж зааглаад шударга бусын хонгил үүсэх эрсдэлийн шалтгааныг тодорхойлох, гарц шийдлийг олох нь юу юунаас чухал байна.

-Шударга бусын хонгил яаж үүсээд байгаа юм бол?

-Манай Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасанчлан Засгийн газарт чиглэл өгөх, ҮАБЗ-ийг тэргүүлэх, улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг УИХ-тай зөвшилцөж томилох гэх мэт гүйцэтгэх эрх мэдэл рүү орсон бүрэн эрхүүдтэй. Хууль тогтоох эрх мэдлийн хүрээнд ч хууль санаачлах, хориг тавих гэх мэт бүрэн эрх бий. Мөн Монгол Улсын бүх шүүхийн шүүгчийг, мөн Дээд шүүхийн шүүгчдийн нэр дэвшүүлсэн шүүгчийг ерөнхий шүүгчээр нь томилдог. Гэтэл Үндсэн хуульд байхгүй маш олон бүрэн эрхийг 2000 оноос хойш үе үеийн Ерөнхийлөгчийн үед нэмж, хуулиар баталгаажуулсан ч буцаагаад хасаж чаддаггүй. Тухайлбал, Ерөнхийлөгч П.Очирбатын үед бүх шүүхийн ерөнхий шүүгчийг томилох, Ерөнхийлөгч Н.Багабандийн үед Хүний эрхийн үндэсний комиссын гурван гишүүний нэгийг нэр дэвшүүлэх, Шүүхийн ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг томилох, Ерөнхийлөгч Н.Энхбаярын үед АТГ-ын дарга, дэд дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг нэр дэвшүүлэх, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед шүүгчдийг шилж олох үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, бүх гишүүнийг томилох бүрэн эрхийг Төрийн тэргүүнд тус тус хуулиар олгосон. Ерөнхийлөгч Х.Баттулга ч шүүхэд нөлөөлөх эрх мэдлээ нэмэгдүүлээд амжсан. 2019 оны хавар Ерөнхийлөгчийн тэргүүлдэг ҮАБЗ-өөс үндэслэл огт дурдахгүйгээр зөвлөмж гаргахад Монгол Улсын ямар ч шүүгчийг түдгэлзүүлэх, аль ч шүүхийн ерөнхий шүүгч төдийгүй улсын ерөнхий прокурор, түүний орлогч, АТГ-ын дарга, дэд даргыг огцруулах боломж бүрдсэн. Энэ хуулиар хариуцлага алдсан шүүгч, бусад албан тушаалтныг түдгэлзүүлж болох ч шударгаар, хараат бусаар ажиллаж буй шүүгчид “хэлмэгдэх,” үүнийг урвуулан ашиглаж нөлөөлөх эрсдэл үүссэн. 1992 онд Ерөнхийлөгч шүүгчийг зөвхөн томилдог байдаг бол одоо тэднийг сонгон шалгаруулах, түдгэлзүүлэх, хариуцлага тооцоход нөлөөлөхүйц эрх мэдэлтэй болчихжээ. Ерөнхийлөгчид Үндсэн хуульд заагаагүй маш олон бүрэн эрхийг хуулиар нэмээд өгчихсөн нь төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийг ноцтой алдагдуулах болсон.

-Нэмэлт, өөрчлөлтийн төслөөр Ерөнхийлөгчид овоолсон эрх мэдлийг задлах уу?

-Одоогийн энэ өөрчлөлтөд Үндсэн хуульд заасан үндсэн бүрэн эрхийнх нь хүрээнд Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрх хуулиар олгож болно гэж бичжээ. Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ л хэрэгжүүлдэг болно. Үндсэн хуульд заагаагүй ч хуулиар олгосон бусад бүрэн эрхийг нь хасна. Шүүхэд зүй бусаар нөлөөлөх эрсдэлийг хаах олон заалт төсөлд тусгагдсан. Тодруулбал, шүүгчид тавигдах шаардлагыг өндөрсгөх, шүүгчийн томилгоог улс төрөөс хараат бус болгох, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх агуулга төсөлд тусгагдсан. Тэгэхээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр шүүх бүхэлдээ нэг хүнээс хараат байдгийг болиулж “шударга бусын хонгил”-ыг нураана

-Шүүгчид тавигдах шаардлагыг өндөрсгөх, томилох бүрэн эрхийг тодорхой болгох өөрчлөлт яагаад оруулах болов?

-Шүүгчийн томилгоонд улс төрийн нөлөө ордог гэх шүүмжлэл гарч ирсэн. Өнгөрсөн 27 жилд үе үеийн Ерөнхийлөгчид ШЕЗ-өөс шилж олоод нэр дэвшүүлсэн хуульчийг ямар ч үндэслэл хэлэлгүйгээр шүүгчээр томилохоос татгалзаж байсан. Үүнд улс төрийн шалтгаан байсан гэж харддаг. Мөн урвуулан ашигласан тохиолдол ч гарсан. 2013, 2015 онуудад шүүхийг шинээр зохион байгуулах үед шүүхийн нэр, бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Монгол Улсын анхан болон давж заалдах шатны шүүхийн бүх шүүгчдийг чөлөөлж томилох саналыг ШЕЗ гаргасан. Бүгдийг нь чөлөөлсний дараа буцаагаад томилох ёстой байсан ч нийт 13 шүүгчийг томилоогүй орхичихсон нь шүүгчийн хараат бус байдалд халдсан явдал болсон. Эдгээр шүүгчид янз бүрийн алдаа дутагдал гаргасан тул томилоогүй гэх тайлбарыг хожим хийсэн нь үндэслэл муутай. Үнэхээр ёс зүйн зөрчил гаргасан бол Шүүхийн ёс зүйн хороонд, авлигын асуудал байсан бол АТГ-д тус тус шилжүүлэн шалгуулах ёстой байсан.

Тиймээс, шүүгчид тавих шалгуурыг өндөрсгөх, томилгооны журмыг тодруулах нь зөв гэж үзсэн. Төсөлд Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, гучин нас хүрсэн хүнийг томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна. Улсын дээд шүүхийн шүүгчээр хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, 40 хүрсэн иргэнийг томилно гэж байгаа. Шүүгчид тавигдах бусад нарийвчилсан шаардлагыг хуулиар тогтооно. Энэ шалгуурыг хангасан нэр дэвшигчийг шүүгчээр томилох шийдвэрийг ШЕЗ гаргана. Ерөнхийлөгч энэ шийдвэрийг хүлээн авснаас хойш хорин нэг хоногийн дотор батламжлах ёстой. Үнэхээр Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзаж болно. Гэхдээ заавал үндэслэлээ нийтэд тайлбарлах ёстой. Харин хамгийн маргаантай хэргийг хяналтын журмаар шийдэж эцэслэдэг, хуулийг тайлбарлан хөгжүүлэх гол чиг үүргийг хэрэгжүүлдэг гэдэг утгаар нь Улсын дээд шүүхийн шүүгчийг арван хоёр жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилох, ингэхдээ ШЕЗ томилгооны сонсголд оруулж, томилох шийдвэрээ УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлнэ.

-Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг томилох шийдвэр гаргахаар болжээ. Тэгвэл энэ зөвлөлийн талаар ямар зохицуулалт орж байна вэ?

-Үндсэн хуулиар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах зорилгоор шүүгчдийг хуульчдаас шилж олох зэрэг ажлыг эрхэлдэг Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулсан. Гэвч энэ чухал байгууллагын бүрэлдэхүүн, томилох журмыг Үндсэн хуульд заагаагүйгээс УИХ дахь олонхын үзэмжид хаягдсан.Улмаар ШЕЗ-ийн гишүүдийг гурван шатны шүүхийн шүүгч тус бүр нэг, Хуульчдын холбоо нэг, хууль зүйн яам нэгийг тус тус нэр дэвшүүлдэг ч бүгдийг нь Ерөнхийлөгч томилдог болсон. ШЕЗ-ийн гишүүд дотроосоо даргыг нь нэр дэвшүүлдэг ч мөн л Ерөнхийлөгч томилдог болчихсон. ШЕЗ тавхан гишүүнтэй болсноор хоёр гуравхан хүн шүүхтэй холбоотой чухал шийдвэрийг хаалттай хүрээнд гаргахад хүрсэн. Ерөнхийдөө 27 жил ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг байн байн өөрчилж залгамж чанар, тогтвортой байдлыг нь алдагдуулж байсан төдийгүй янз бүрийн байдлаар аль нэг талаас зүй бусаар нөлөөлөх боломжтой байдлаар хуулиар өөрчилж урвуулан ашиглах эрсдэлийг үүсгэж ирсэн. 1991 онд НҮБ-ийн шинжээчид Монгол Улсад өгсөн зөвлөмждөө шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, түүнийг томилох журмыг Үндсэн хуульдаа зааж өгөхгүй бол шүүхийн хараат бус байдал бэхжиж чадахгүй шүү гэж хэлж байсан нь үнэн байсныг бид амьдралаараа туулж хохирлыг нь амслаа.

Франц, Итали, Испани зэрэг улсад шүүхийн зөвлөлийн бүрэлдэхүүнээ Үндсэн хуульдаа тусгаж царцаадаг. Тиймээс, Шүүхийн ерөнхий зөвлөлийг яаж бүрдүүлэх талаар Үндсэн хуульд оруулахаар төсөлд заасан. ШЕЗ нь арван гишүүнтэй байна. Гишүүд дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллана. ШЕЗ-ийн даргыг гишүүд дотроосоо сонгохоор заасан нь мөн л бие даасан байлгахад зориулагдсан. Арван гишүүний тав нь шүүгч байхаар төсөлд тусгасан. Энэ нь ШЕЗ дахь улс төрийн зүй бус нөлөөллийг сааруулж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын нэг баталгаа. Үлдсэн таван гишүүн нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан хүмүүс буюу шүүгч биш байна. Мэргэжлийн өөр ажил эрхэлдэг гишүүдийг оруулж буй нь шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх, тал талын төлөөллийг хангах зорилготой. Ард түмнээс сонгогдсон төлөөллийн байгууллага болох УИХ шүүгч биш таван гишүүнийг томилно. ШЕЗ дэх шүүгч бус таван гишүүнийг УИХ томилж байгаа нь эрх мэдлийг хуваарилах, хяналт тэнцлийг хангах зорилготой юм. Учир нь, ШЕЗ-өөс шүүгчдийг томилох шийдвэр гаргаж Ерөнхийлөгчид тэдгээрийг батламжлуулахаар хүргүүлнэ. Тиймээс ШЕЗ-ийг бүрдүүлэхэд Ерөнхийлөгчийг оролцуулбал шүүх эрх мэдэлд хэт нөлөөлөл үүсэх эрсдэлтэй.

-УИХ-аас ШЕЗ-ийн таван гишүүнийг томилоход улс төрийн нөөлөл орох вий гэсэн шүүмжлэл гарч байсан. Энэ талаар Ажлын хэсгийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны түвшинд хэрхэн авч үзсэн бэ?

-Төсөлд УИХ хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар ШЕЗ-ийн таван гишүүнийг томилохоор заасан нь УИХ дахь олонх дангаараа түрий барьж томилох бус харин цөөнхтэй зөвшилцөж хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг гаргах шалгарсан механизм юм. Үүгээрээ хэт улстөржилтийг хазаарлана. УИХ санал хураахаасаа өмнө эдгээр таван нэр дэвшигч дээр томилгооны сонсгол заавал хийх учраас үнэхээр хууль зүйн өндөр мэргэшилтэй, хараат бусаар ажиллах хүн мөн эсэхийг маш сайн хэлэлцсэний эцэст шийдвэрлэнэ гэсэн үг. Гэхдээ, УИХ-ын холбогдох байнгын хороо ШЕЗ-ийн таван гишүүнийг нэр дэвшүүлэхээр заасантай холбоотой шүүмжлэл гарсныг Төрийн байгуулалтын байнгын хороо хүлээн авч, “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн гурвыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, нэгийг Засгийн газар, нэгийг мэргэжлийн холбооноос тус тус нээлттэйгээр нэр дэвшүүлэх”-ээр заах Ажлын хэсгийн саналыг дэмжсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхэд иргэний нийгмийн оролцоог хангах, улстөржилтийг бууруулахын тулд ШЕЗ-ийн шүүгч биш таван гишүүний нэгийг мэргэжлийн холбоодоос нэр дэвшүүлэх нь зүйтэй. ШЕЗ-ийн бүрэлдэхүүнд Засгийн газраас нэр дэвшүүлсэн нэг хүнийг томилох нь шүүхийн төсөв, бодлогын асуудлыг бодитой шийдвэрлэх, дэмжлэг авахад тустай. УИХ-ын холбогдох Байнгын хорооноос нэр дэвшүүлсэн гурван хүнийг ШЕЗ-ийн бүрэлдэхүүнд томилох нь шүүхийн төсөв, шүүхтэй холбоотой бодлогын асуудал, хууль тогтоомжийн нэмэлт, өөрчлөлтийг батлахад шийдвэрлэх үүрэгтэй мэргэжлийн Байнгын хорооны төлөөллийг хангаж, шүүх эрх мэдлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна. ШЕЗ-ийн шүүгч биш гишүүдийг нэр дэвшүүлэх ажиллагааг хэт улстөржүүлэхгүйн тулд УИХ-ын холбогдох Байнгын хороо, Засгийн газар, мэргэжлийн холбооноос нэр дэвшүүлэх ажиллагаа нээлттэй, ил тод байхаар заахаар төсөлд тусгах санал гараад байна.

-Шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх талаар төсөлд хэрхэн тусгагдсан бэ?

-27 жилд Монгол Улсад Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг шилж олох, шүүхийн төсөв, бодлого, менежментийг бүрэн мэдэхээс гадна шүүгчийн сахилга, хариуцлагын асуудал руу ордог маш өргөн эрх мэдлийг төвлөрүүлж авсан. Жишээлбэл, ШЕЗ шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг, шүүгч хавсарч үл болох ажлыг эрхэлсэн эсэх, нэг жилийн дотор сахилгын зөрчил дахин үйлдсэн эсэх зэргийг шийддэг. Мөн, шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэх тогтолцоо өнгөрсөн хугацаанд гурван удаа өөрчлөгдөөд байна. 1993-2002 онд Шүүгчийн сахилгын хороод шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэдэг байсан. Эдгээр хороод нь дан шүүгчдээс бүрдсэн байсан учраас шүүгчдээ хаацайлж хэт өмгөөлдөг, хариуцлага тооцож чадахгүй болсон гэж шүүмжлэгдсэн. 2002 онд Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн олонхыг шүүгч биш хөндлөнгийн хүмүүсээр бүрдүүлж Ерөнхийлөгч томилдог болсон. Ингэснээрээ хариуцлага тооцох нь ихэссэн ч уг хорооны шийдвэр шүүхийн хяналтаас гадуур байсан тул шүүгчийн хараат бус байдлыг эрсдэлд оруулсан. 2012 оноос Шүүхийн ёс зүйн хороо гэж нэрийг нь өөрчлөн шинээр байгуулсан. Ингэхдээ хууль зүйн яамнаас, гурван шатны шүүхийн шүүгчдээс, Хуульчдын холбооноос тус бүр гурван хүнийг нэр дэвшүүлж Ерөнхийлөгч томилдог болов. Тус хорооны гишүүдийн саналаар даргыг мөн л Ерөнхийлөгч томилдог. Одоогийн энэ тогтолцоог өөрчлөх хэд хэдэн хуулийн төсөл боловсруулагдсан байна. Эндээс харахад шүүгчийн хариуцлагын тогтолцоог байн байн өөрчилдөг, залгамж чанарыг нь алдагдуулдаг байдал үүссэн. Ингэхдээ шүүгчийн хариуцлагыг сулруулж эсхүл шүүгчийн хараат бус байдлыг хэврэгшүүлж байжээ.

ШЕЗ-д төвлөрсөн эрх мэдлээс шүүгчийн сахилгатай холбоотой хэсгийг нь салгаж өөр бие даасан байгууллагад хариуцуулахын зэрэгцээ Үндсэн хуульд зааж тогтворжуулна, шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлнэ. Шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулах болон бусад шийтгэл ногдуулах шийдвэр гаргах Шүүгчийн хариуцлагын зөвлөлтэй болъё гэдэг санаа орсон. Тэдгээрийн гурав нь шүүн таслах ажлын туршлагатай хуульч, гурав нь хууль зүйн эрдэмтэн, гурав нь иргэдийн төлөөлөл байна. Ийм тал талын төлөөллийг хангасан, хөндлөнгийн бүрэлдэхүүн нь ноцтой сахилгын зөрчил гаргасан шүүгчийг зүгээр өнгөрөөж нийт шүүгчдийн нэр хүндийг унахаас сэргийлнэ. Иргэдийн амьдралын хамгийн чухал асуудлын хувьд заяаг шийддэг шүүгч ийм эрх мэдлийг хэрэгжүүлэх итгэлийг дааж байна уу гэдгийг нь хөндлөнгөөс харьж, шаардлагатай бол зохих шийтгэл ногдуулна гэсэн үг. Гэхдээ энэ эрх мэдлийг урвуулан ашиглаж шүүгчийн хараат бус байдалд халдахаас сэргийлэхийн тулд шүүгчид хариуцлага тооцсон шийдвэр шүүхээр хянагдах боломжтой байх ёстой. Тиймээс Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн шийдвэрийг хууль зүйн талаасаа ноцтой алдаатай гарсан гэж үзвэл Улсын дээд шүүхэд гомдол гаргах нь нээлттэй. Гэхдээ Дээд шүүхийн шүүгчид хариуцлага тооцсон Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн шийдвэрийг Дээд шүүх нь өөрөө хянахаар өөрсдийгөө хамгаалах уу, энэ төслөөр шүүгчийн хариуцлагын тогтолцоог үнэхээр үр нөлөөтэй болгож чадах уу гэж УИХ-ын гишүүдээс асууж, тодорхой санал дэвшүүлсэн.

-УИХ-ын гишүүдийн саналаар төсөлд ямар өөрчлөлт орохоор яригдаж байна вэ?

-УИХ-ын гишүүд болон олон нийтийн саналыг хүлээж аваад хариуцлагын зөвлөл, Дээд шүүхийн шүүгчийн асуудал, шүүгчийн асуудлыг шийдэхэд буцаад шүүгч дээрээ хянуулна гэдэг бол үр нөлөөг муутгах эрсдэлтэй. Тиймээс өөр хөндлөнгийн бүрэлдэхүүнээр хянуулах хэрэгтэй. Шүүгчийн хариуцлагын зөвлөл нь шүүгчийн хариуцлагыг үр нөлөөтэй ногдуулж чаддаг байх хэрэгтэй. Шүүх Хариуцлагын зөвлөлийн шийдвэрийг хянадаг байх юм бол шүүх нь шүүгчээ хамгаалдаг гэдэг ийм шүүмжлэл тасрахгүй, арилахгүй байх. Хэдийгээр хариуцлагын зөвлөл бодитойгоор ажилласан ч гэсэн тийм хардлага үргэлжлэх ийм бодитой нөхцөл байна. Тиймээс, Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн шийдвэрийг Үндсэн хуулийн 16.4 буюу шударга шүүхээр шүүлгэх эрхээ зөрчигдсөн гэж үзсэн, Үндсэн хуулийн 49.1-д заасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ хараат бус бие даасан байдлаар хэрэгжүүлэх энэ боломжийг хөндлөө гэж үзсэн ийм хоёр үндэслэлээр Үндсэн хуулийн Цэцийн түвшинд хянуулах боломжийг нээж өгөх байдлаар тусгах юм. Энэ саналыг Ажлын хэсэг гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээд байна. Ерөнхийдөө хариуцлагын зөвлөлийн есөн гишүүний тодорхой төлөөлөл нь шүүгчдээс сонгогдоно гэж харж байгаа, органик хуулиар. Энэ бол хараат бус байдалд халдах эрсдэлийг бууруулна. Мөн, Цэцийн мэргэжлийн болон хараат бус байдал нь дээшлэхээр төсөлд тусгасан. Үүний зэрэгцээ Улсын дээд шүүхээс 1/3 нь нэр дэвшдэг учраас шүүгчийн хараат бус байдалд халдах эрсдэлийг хязгаарлана. Тодорхой зарчмын шаардлагаар Үндсэн хуулийн 49.6 дахь хэсэгт Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн шийдвэрийг Цэц хянахаар оруулбал энэ заалт нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт учраас Үндсэн хуулийн 66 дугаар зүйлтэйгээ нэг түвшинд үйлчилнэ, зөрчилдөхгүй.

 

сүүлд засварлагдсан 2024-05-02 09:50:51
6 + 8 = нийлбэрийг ол!