Б.ЭНХМАА: ИРГЭДИЙН ӨМНӨ ТУЛГАМДАЖ БАЙГАА АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭД ҮР НӨЛӨӨГӨӨ ӨГӨХ ТӨСӨЛ

Швейцарийн хөгжлийн агентлаг болон Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжих “Ховд аймаг дахь Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах нь” дэд төсөл өчигдөр Жаргалант сумын Баатархайрхан баг Өрхийн эрүүл мэндийн төв дээр албан ёсоор нээлтээ хийлээ. Энэхүү төсөл  нь Ховд аймгийн эрүүл мэндийн салбарын дөрвөн нэгж дээр хэрэгжиж байгаа юм. Ингээд уг төслийн нээлтийн үйл аижллагатай холбогдуулан Баатархайрхан өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Энхмаагаас дараах тодруулгыг авснаа хүргэж байна.

- Төслийн нээлтийн үйл ажиллагаатай холбогдуулан уг төслийн талаар мэдээлэл өгөхгүй юу. Төсөл танай баг дээр хэрхэн яаж хэрэгжих вэ?

- Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл Баатархайрхан Өрхийн эрүүл мэндийн төв дээр өнөөдөр нээлтээ хийж байна. Тус багийн 155 хүнээс санамсаргүй байдлаар түүврийн аргаар судалгаа асуумж авах байдлаар хэрэгжих төсөл юм. Эдгээр хүмүүсийн асуумжаас гарч байгаа тулгамдаж буй аливаа асуулуудын хүрээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тулгамдаж буй асуудал, цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг бодлогын түвшинд хүргэж шат шатны оролцоог бий болгох зорилготой юм билээ. Тэгээд үүнийг нь иргэдийн оролцоотойгоор хэрхэн шийдвэрлэх боломж байна вэ гэдгийг гаргаж ирэх юм. 

- Танай өрхийн эрүүл мэндийн төв хичнээн хүнд хүрч үйлчилдэг вэ?

- Манай Өрхийн эрүүл мэндийн төв нь нийт 4 багийн 2313 өрхийн 9166 өрхийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны туслмж үйлчилгээг үзүүлээд ажиллаж байна. Бүтэц бүрэлдэхүүний хувьд 11 хүний орон тоотойгоор ажилладаг. 

- Өрхийн эрүүл мэндийн төвүүд ер нь ямар ямар тусламж үйлчилгээг үзүүлдэг вэ?   

- Эрүүл мэндийн даатгалд тусгагдсанаар 4 багц тусламж үйлчилгээг үзүүлдэг. Үүнд, Өдрийн эмчилгээ, оношилгоо шинжилгээ, гэрийн тусламж үйлчилгээ, сэргээн засах үйлчилгээ гэх мэт үйлчилгээг үзүүлж байна. Энэ нь 2018 оны 8 сараас эхлэн хэрэгжиж байгаа. Энэ жилийн нэмэгдсэн үйлчилгээ бол дөрөв дэх багц буюу Сэргээн засахын тусламж үйлчилгээ юм.

- Оношилгоо шинжилгээнд ямар ямар үйлчилгээ байгаа вэ?  

- Үүнд, Хеликобактер, хлострин, Элэгний В,С вирус, сахар, шээсний ерөнхий шинжилгээ зэргийг авдаг.

- Танай Өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд ачаалал, хүртээмж хэр байгаа вэ?  

- Энэ 4 багцыг хэрэгжүүлж эхэлснээр эмнэлэгийн үйлчилгээний тоо хэмжээ нэмэгдэж, ачаалал нэмэгдсэн. Гэхдээ бид нэг их оочир дараалал үүсгэхгүй иргэдэд үзүүлэх ёстой тусламж үйлчилгээг хүргээд ажиллаж байна. - Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамддаг гол асуудал юу байдаг вэ. Тухайлбал, танай эмнэлэгийн хувьд онцлоод хэлэхэд?   

- Тулгамдаж байгаа асуудал бол харъяалалгүй буюу түр оршин суугч иргэдээс үүдсэн санхүүжилтийн асуудал байдаг. Манай багийн өрхийн эмнэлэгийн харъяанд 1742 түр оршин суугч байна. Энэ хүмүүсийн санхүүжилт нь үндсэн бүртгэлтэй газар нь буюу сум дээр нь яваад байдаг. Гэтэл энэ хүмүүс эрүүл мэндийн анхан шатны тусламжаа өөр газраас аваад байдаг явдал бол хүндрэл үүсгэдэг асуудал юм.

- Багийн иргэдийн хувьд дийлэнх тохиолдож байгаа ямар өвчлөл байдаг вэ?

- Улирлын онцлогоос шалтгаалаад өөр өөр байдаг л даа. Тухайлбал, өвлийн буюу хүйтний улиралд ханиад томуу, амьсгалын замын гаралтай халдварт өвчин их байдаг. Хавар, зун, намар гэх мэт дулааны улиралд хүүхэд багачуудад суулгац өвчлөл их байдаг. Мөн даралт ихсэлт их байна. Эдгээр нь улирлын шинж чанартайгаар үүсдэг.

- Төслийн үйл ажиллагаатай холбоотой иргэдэд анхааруулж хэлэх зүйл байна уу?

- Энэхүү төсөл манай эмнэлэг дээр хэрэгжиж байгаа явдалд баяртай байна. Төслийн хүрээнд асуумжид хамрагдах иргэд багийнхаа эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд тулгамдсан шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа зөв тодорхойлж, үр дүнтэй санал санаачилга гаргаасай гэж хүсч байна. Энэ бол иргэдэд их хамааралтай ажил. Хамгийн гол нь иргэдийн өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд үр нөлөөгөө өгөх учраас дор бүрнээ хариуцлагатай хандах хэрэгтэй.  - Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

- Та бүхэнд бас баярлалаа.  

Ж.Саруул

сүүлд засварлагдсан 2025-07-01 19:11:49
3 + 12 = нийлбэрийг ол!