ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨЛӨӨХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ ЮУГ ОНЦЛОВ

Өөрчлөлтийн төлөөх Ховд аймгийн эмэгтэйчүүдийн нэгдэл өнгөрсөн долоо хоногт анхныхаа уулзалтыг хийлээ. Энэхүү уулзалтын зорилго нь эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог дээшлүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих, хамтран хөгжих, аймаг орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэх зорилготойгоор байгуулагдсан бөгөөд ямар нэгэн нам, улс төрөөс ангид зуун хувь эмэгтэйчүүдийн өөрсдийн санал санаачилга дээр үндэслэн явагдах сайн дурын нэгдэл бүхий арга хэмжээ юм.

Анхны уулзалтаар орон нутгийн эрүүл хөрсөнд ургасан хүнсний ногоогоор арганик жүүс бэлтгэх талаар залуу бизнес эрхлэгч, Жаргалант сумын Гарааны бизнесийн шилдэг оролцогч Б.Энхзаяа мэдээлэл өгч, эрүүл хүнсний талаар бүсгүйчүүддээ туршлагаа хуваалцлаа.

Мөн “Хөдөлмөрч ээжүүд” клубыг байгуулах талаар болон бүсгүйчүүдийг өөрөө өөртөө хэрхэн ажлын байр бий болгож хөдөлмөрлөх талаар 7-р сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Х.Саруунтуяа өөрийн гар урлалын арга туршлагаа хуваалцсан юм.

“Харилцан суралцаж хамтдаа хөгжинө” клубыг үүсгэн байгуулах болон бүсгүйчүүдийн нийгмийн идэвх оролцоо, хамтын хөгжлийн талаар санал авах хэлэлцүүлгийг сэтгүүлч Ж.Саруул хариуцан зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгийн хүрээнд бүсгүйчүүд маань аймаг орон нутгийнхаа цаг үеийн нөхцөл байдал, тэдний өдөр тутмын амьдралд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцээд дараах асуудлууд нь гол тулгамдаж буй зүйл юм гэдгийг гаргаж ирсэн байна. Зөвхөн эмэгтэйчүүд гэхгүй бидний амьдарч буй орон нутаг, улс орны цаашдын хөгжилд нэн шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар бүсгүйчүүд маань ийнхүү үзэл бодлоо хуваалцлаа.

 

  1. Ховд аймгийн Жаргалант сумын хэмжээнд байр орон сууцнуудын гадна орчин нөхцөл хүний амьдрах ая тухтай, эрүүл аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна. Үүнд: Тоглоомын талбай, Явган хүний зам, Машины зогсоол, Гэрэлтүүлэг, Хогын цэг зэрэг асуудлуудын бүрэн байдалд хяналт тавих ёстой мэргэжлийн байгууллагууд хяналтаа сайн тавьж байж хүлээж авдаг байх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, Улсын комисс хуулийн хүрээнд шийдвэр гаргаж ажиллах шаардлагатай байгаа юм.
  2. Иргэдийн өдөр тутмын амьдралын хэрэгцээ болсон Халаалт дулаан, цэвэр, бохир ус тасарч байдаг өдөр тутмын тулгамдсан асуудлуудыг цэгцлэх. Цаашид төрөөс эвдрэл гэмтэл гарах газруудыг зөв тооцоолж, засвар үйлчилгээг урьдчилж бүрэн хийж, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх.
  3. Төрийн үйлчилгээний ажлын уялдаа холбоо, хүртээмж дутмаг байдлыг сайжруулах, төрийн албан хаагчдын харилцаа хандлагыг сайжруулах шаардлагатай байна.
  4. Мэдээллийн ил тод байдлыг хангах. Аливаа зүйл мэдээлэлгүй, мэдлэггүй байдлаас үүдэн ямар нэг шийдвэр, шийдэл, хөгжлөөс хоцорч байдаг. Тиймээс төрийн үйлчилгээний мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, чанаржуулах шаардлагатай байна. Нэг үгээр бол зөвхөн өнгөрсөн үйл явдлын мэдээлэл биш, ирээдүйд болох, бодлого шийдэл, иргэдийн оролцоог хангахад чухал зүйлүүдэд мэдээллийн урсгалыг түгээмэлжүүлэх шаардлагатайг онцоллоо.
  5. Хүүхдийн өдөр тутмын хоол хүнсний аюулгүй байдалд анхаарах буюу сургууль орчмын жижиг дэлгүүр, ТҮЦ-ээр зарагдаж буй хүнсний нэр төрөл хүүхдийн эрүүл мэндэд заналхийлж байгааг анхаарах хэрэгтэй байна. Нэн ялангуяа давс, чихэрлэг зүйлсийн хэрэглээг багасгах шаардлагатай. Хүүхдэд зориулагдсан үндэсний үйлдвэрлэлийн амттангуудыг нэмэгдүүлэхэд Жижиг дунд үйлдвэрлэгчдийн бодлогоор дэмжих. Энэ төрлийн импортын чанаргүй амттангуудыг хязгаарлах хэрэгтэй байгаа юм.
  6. Төрийн байгууллагын тогтворгүй байдал иргэд олон нийт, улс орны хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Нэг үгээр бол төрийн залгамж халаа нам улс төрийн бүлэглэлийн тоглолтоос болж алдагдаж байгааг бүсгүйчүүд онцолж байлаа. Тиймээс цаашид эрүүл нийгмийг бүтээе гэвэл улс төрийн энэ тогтолцоонд өөрчлөлт хийх шаардлагатай байгаа юм.
  7. Ажилгүйдэл буюу ажлын байрны хүрэлцээ хангамж муу байна. Тиймээс аймаг орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй юм.
  8. Хүүхдийн хүмүүжилд цахим орчны хэрэглээ сөргөөр нөлөөлж байна. Цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хүүхдийн хүмүүжил төлөвшлийг дэмжсэн үндэсний контент бүтээлүүдийг олшруулах.
  9. Сургуулийн Үдийн цайны шим тэжээл хангалтгүй байгаад төрөөс бодлогоор дэмжиж, төсөв санхүүг нэмэх хэрэгтэй байна.
  10. Хүн амын өдөр тутмын эрүүл хүнсний хэрэглээг нэмэгдүүлж, түүнд тохирсон ажил, арга хэмжээг хийж хэрэгжүүлэх. Үүнд гэр бүлийн эзэгтэй нар болсон бүсгүйчүүдийг зөв мэдээллээр дэмжих, сэдэлжүүлэх, тэдний зөв санал санаачилгыг дэмжиж шаардлагатай.
  11. Орон нутагт үйлдвэрлэгдэж буй хүнсний бүтээгдэхүүнүүдийн хаяг шошго, эрүүл ахуйд хяналт тавих. Орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлүүдийг бодлогоор дэмжих хэрэгтэй.
  12. Олон нийтийн газрууд болон зам талбай дагасан газруудад Нийтийн ариун цэврийн газрыг нэмэгдүүлэх.
  13. “Хан орд” хүнсний захын эрүүл ахуйг сайжруулах.
  14. Гэр бүлийн хүчирхийллийн асуудалд анхаарах: Үүнд:
  • Архидалт,
  • Хүүхдийн эсрэг хүчирхийлэл,
  • Эмэгтэйчүүдийн хөндөгдөж буй эрх ашгийг хамгаалах,
  • Сургууль завсардалт гэх мэт асуудлуудыг багасгахад төр болон орон нутгийн бодлогын байгууллагуудаас хүртээмжтэй, далайцтай ажил хийх. Ингэхдээ айл, өрх бүрт хүрсэн Хувь хүний хөгжил, төлөвшил, хамгааллын асуудалд аймаг орон нутгийн төр захиргааны байгууллагуудын бодлого, үйл ажиллагааг идэвхтэй явуулж хэвшүүлэхэд тодорхой ажлууд хийх хэрэгтэй байгаа онцолсон байна. 

Ийнхүү бүсгүйчүүдийн санаа бодол, үзэл хандлагыг харж байхад хувь хүний хөгжилд илүү анхаарахыг чухалчилж байлаа. Үүнийг дагаад мэдээж хувь хүн хөгжихийн тулд тодорхой эрхэлсэн ажилтэй, хийж бүтээсэн зүйлтэй, санал санаачилгатай байх шаардлагатай. Тэгэхээр санаачилгатай, идэвх оролцоотой иргэдийн дуу хоолойг сонсдог, түүнийг нь дэмждэг төр захиргааны байгууллага байвал аймаг орон нутгийн хөгжилд зохих хувь нэмэр болох буй за. 

 

 

сүүлд засварлагдсан 2025-07-01 20:41:22
19 + 12 = нийлбэрийг ол!