Баруун талдаа жолооны хүрдтэй автомашиныг 2021 оноос явуулахгүй болгох Авто тээврийн тухай хуулийн төсөлд тусгагдсан асуудал нэлээн шүүмжлэл дагуулж буй. Энэ талаар болон цаг үеийн асуудлаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалангаас тодрууллаа.
-Буруу талдаа хүрдтэй автомашиныг 2021 оноос хойш явуулахгүй тухай асуудал УИХ дээр яригдаад байна. Гэхдээ энэ асуудалд иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна?
-ЗТХЯ-наас Авто тээврийн тухай хуулийн төсөл өргөн барьсан. Хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсэгт багтсан хүмүүс 2021 оноос буруу талдаа хүрдтэй машиныг цэгцлэе, олон жилийн насжилттай машиныг багасгана гэсэн чиглэл барьж байгаа юм билээ. Яамны байр суурь бол яг энэ заалтыг татаж авч байгаа. Эхний хэлэлцүүлгийн үеэр энэ заалтыг татаж авна. Татаж авч байгаа шалтгаан нь өнөөдөр ард түмний амжиргаа муу байна. Ард түмний гол унаа болсон приус машин нь буруу талдаа хүрдтэй учир үүнийг хориглоно гэдэг боломжгүй. Тэгэхээр энэ заалтыг татаж авна.
-Либералчлалын асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор либералчлах шаардлага бий. Гэхдээ либералчлана гээд Үндэсний агаарын тээврийн компанийхаа амийг барьчихаж болохгүй. БНСУ-аас гурван газар манайтай хамтарч ажиллах саналаа илэрхийлсэн байгаа. Тэгэхээр энэ чиглэлд тийзний үнэ буурна. Бээжингийн чиглэлд мөн тийзний үнэ буурна. Японы тал бас манай руу нисэх саналаа тавьж байгаа.
-Ойролцоогоор хэчнээн төгрөгөөр буурах боломжтой вэ?
-Тэр бол тухайн агаарын тээврийн компаний өөрсдийнх нь шийдэх асуудал. Ямар ч байсан эхний мэдэгдсэн байдлаар 40 хувь буурна гэсэн прогрозз байна.
-Дарханы замын засварын ажил хэзээ эхлэх вэ?
-Түр замын ажил явагдаж байгаа. Таван компани шалгараад ажил явагдаж байна.
Эх сурвалж: zaluu.com