Хязгаарлалтын хугацааг 04 сарын 12-ны 23:00 цаг хүртэл сунгалаа

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын гишүүд 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хурлаар 6 асуудал хэлэлцэж гишүүдийн саналыг тусган зохих шийдвэр гаргалаа.
Өнөөдрийн /2021.04.05/ байдлаар “Ковид-19”-ийн халдварын батлагдсан тохиолдол 78 болоод байна. Эдгээр иргэдийг Халдвартын тасгийн тусгаарлах эмнэлэгт зөөвөрлөн эмчилж байна. 2 өвчтөний биеийн байдал хүнд, нэг нь маш хүнд ангилалд орж болзошгүй байна. Шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийж байна гэж БОЭТ-өөс мэдээллээ.
Халдвар авсан тохиолдлууд бүгд ойрын хавьтал болсон иргэдээс илэрч байна.
Тагнуулын байгууллагаас халдвар авсан хүн нэг бүрээс асуумж авч, шалгасны үр дүнд 62 айлын орон сууцанд байрлах Эмийн сан, 72 айлын орон сууц, БОЭТ, “Мөнгөн морьт” эмнэлэг халдварын голомтын “УЛААН” бүсэд, 14 дүгээр цэцэрлэг, Прогресс сургууль , 1 дүгээр сургууль, 6 дугаар сургуулиуд халдварын голомтын “ШАР” бүсэд багтаж байна. Халдвар авсан иргэд асуумж, явсан маршрутаа үнэн зөв, шуурхай өгвөл халдварыг богино хугацаанд хумихад чухал үүрэгтэй.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 854 хүн халдвар авсан иргэдийн 1 дүгээр хавьтлаар бүртгэгдээд байна.
Урьдчилсан байдлаар халдварын голомтыг тогтоосон ч өдрөөс өдөрт халдвар нэмэгдэж байгаа, цаашид ч нэмэгдэж болзошгүй учраас хурдавчилсан оношлуур, хамгаалах хувцас хэрэгсэл, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг нөөцлөх, нөөц боломжоо ашиглан ор дэлгэх, боловсон хүчний нөөцийн судалгаа гаргах асуудалд анхаарч ажиллахаар болов. 
Сайн дураараа шинжилгээ өгөх хүсэлтэй иргэд цөөнгүй байна. Тийм учраас одоо байгаа оношлуураас гадна 10000 ширхэг оношлуур авч нөөцлөхийг Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэнд үүрэг болгов.
Аймгийн Онцгой комиссын хурлаас сургууль, цэцэрлэг, томоохон зах, худалдаа үйлчилгээний төвийн үйл ажиллагааг түр хязгаарласан хугацааг 2021 оны 04 дүгээр 12-ны 23:00 цаг хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа.
Энэ хугацаанд:
-Чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, түүний хэрэгжилтэд тавих хяналтыг илүү чангатгах,
-Зарим ШТС-ын үйл ажиллагааг түр зогсоох,
-Сум хооронд болон Жаргалант сумын нутаг дэвсгэрт автомашины хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах,
-Сумдад хүнс, малын тэжээл тээвэрлэх асуудлыг ХХААГ-аас хариуцан зохион байгуулах,
-Тусгай зөвшөөрлийг эрэмбэлж Хүнс тээвэр, онцгой чиг үүрэг бүхий 9 байгууллагын автомашиныг саадгүй зорчих боломжоор хангах,
-Төрийн байгууллагын албан хаагчдыг 4 хоногийн хугацаанд 100 хувь цахимаар ажиллуулах,
-Зарим төрийн албан хаагчдыг дайчлан гэр хорооллын гудамж, байр, орон сууцны айл өрх, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж ажиллуулах,
-Шинээр голомт үүсээгүй, халдварын тохиолдлууд ойрын хавьтлуудаас илэрч байгаа учраас давтан шинжилгээг хийж ажиллах,
-Эхний ээлжийн вакциныг татан авч, зорилтод байгууллагын алба хаагчдыг яаралтай дархлаажуулах зэрэг 19 заалт бүхий тогтоол гарган хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. 
сүүлд засварлагдсан 2024-03-28 16:40:24
6 + 16 = нийлбэрийг ол!