Х.Баярлах: Иргэнийг мэдээгүй байхад нь өөр баг руу шилжүүлэг хийгдсэн байна гэсэн албан бус мэдээлэл нэр дэвшигчид хэлж байгаа

Орон нутгийн сонгуулийн цаг үеийн асуудлуудаар Ховд аймгийн Жаргалант сумын Сонгуулийн хорооны дарга Х.Баярлахаас дараах тодруулга мэдээллийг авлаа.

-Жаргалант сумын хэмжээнд иргэдийн шилжүүлэгтэй холбоотой гомдол мэдээлэл манай редакцид ирсэн. Тухайлбал, иргэн өөрөө мэдээгүй байхад шилжүүлэг нь өөр баг руу хийгдсэн байна гэсэн тохиолдол гарч байна. Үүнтэй холбоотой гомдол мэдээлэл сумын Сонгуулийн хороонд ирсэн үү?

- Одоогоор албан ёсоор бичгээр тийм гомдол ирээгүй байна. Харин нэр дэвшигчид хэлж байгаа зүйлүүд байна. Тухайлбал, манай багт амьдардаг тэр хүн өөрөө мэдээгүй байхад энэ баг дээрээ биш өөр баг дээр санал өгөхөөр шилжүүлэг хийгдсэн байна гэх мэтээр ганц нэг албан бус мэдээлэл ирсэн. Тиймээс үүнийг тухайн хүмүүс Улсын бүртгэлийн газарт хандаж гомдол мэдээллээ өгөх ёстой. Уг нь сонгуулийн тухай хуулийн 20,11-д зааснаар сонгогч санал өгөх өдрөөс 14 хоногийн өмнө сонгогчийн нэрсийн жагсаалтад өөрийнхөө нэрийг тулгаж үзээд хэрэв байхгүй бол гомдол гаргаж шилжүүлгээ хийлгэх боломжтой байдаг. Өөрийг нь мэдээгүй байхад шилжүүлэг хийгдсэн байна гэдэг бол ноцтой асуудал. Манай сонгуулийн хорооны хувьд иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлууд дээр хяналт тавих боломжгүй. Бид санал авах байранд болж байгаа үйл ажиллагааг хуулийн хүрээнд зохион явуулах үүрэгтэй. Тэрнээс биш гарч цагдаагийн ажил хийгээд, явж бүртгэлийн байгууллагын ажил хийгээд явах боломжгүй л дээ. Холбогдох газрууд нь хяналтаа тавин ажиллаж байгаа байх.

-Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой өөр ямар нэгэн гомдол мэдээлэл гарч байна уу?

-Өглөө Магсаржав баг дээр нэр дэвшиж байгаа зарим хүмүүсээс гомдол ирсний дагуу бид очиж хяналт тавин ажилласан. Энэ нь “санал өгөх гээд ирж байгаа хүмүүсийг нэр дэвшигчид болон түүний ухуулагч нар тосч уулзаад машинд суулгаад санал өгөх эрхэнд нь халдаж нөлөөлөөд байна” гэсэн гомдол ирсэн. Үүний дагуу биднийг очиход тийм зүйл ажиглагдаагүй. Үүнийг тухайн гомдол өгсөн хүмүүст хандаж “хэрэв тийм зүйл тохиолдвол харсан үзсэн хүмүүс нь бичлэг хийгээд тухайн асуудлыг баримтжуулаад хуулийн байгууллагад хандаарай” гэдэг зөвлөсөн. Мөн Бичигт баг дээр ажиллаж байгаа зарим ухуулагч нар хуулиа сайн судлаагүйгээс үүдэн санал өгөх үйл ажиллагаанд саад учруулаад байна гэсэн мэдээлэл ирсэн. Энэ дагуу бид очиж ажиллахад Сонгуулийн тухай хуулийн 65,9, 65,10-д заасан зөрчил байсан. Учир нь тухайн ажиглагч хуулиа бүрэн судлаагүйгээс үүдсэн гомдол байсан л даа. Тухайлбал, тухайн хуулийн 65,9 дээр иргэний эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээл, боловсролын түвшинээс шалтгаалан сонгогч нь итгэмжлэгдсэн хүний туслалцаатайгаар саналаа өгч болно гэж заасан байгаа. Тэгэхээр настай хүн харааны бэрхшээлтэй бол хүүхдүүдээрээ юмуу эсвэл заавал хүүхэд, хамаатан садан гэхгүй таньдаг, ойр дотны өөрийн төлөөлөх хүний туслалцаатайгаар саналаа өгч болно гэж заасан байгаа. Тухайн хүн нь хамгийн гол нь хэн нэгэн нэр дэвшигчийн ухуулагч, шадар туслах биш буюу сонгуульт ажилтан байж болохгүй. Тэгэхээр санал өгөх хоёр хүнийг байлцуулж байгаад сонгуулийн хэсгийн хорооны ажилтан аль алиас нь асууж тодруулж байгаад санал өгүүлэх журамтай. Үүнд заавал наториатын батлах шаардахгүй. Харин дээрх ажиглагчийн хувьд үүнийг аль нэгэн хууль хяналтын байгууллагын бичиг, наториатын батлах шаардаад эсэргүүцсэн байсан.  

- Ховд аймгийн Жаргалант сум нийт хэдэн сонгогчтой вэ. Хэдэн мандатын төлөө хэдэн нэр дэвшигч өрсөлдөж байна вэ?

- Жаргалант сумын хувьд 19348 сонгогчтой. Уг нь 19345 сонгогч байсан гэхдээ нас барсан болон түр хасалт хийлгэсэн гэсэн хүмүүсийг оролцуулаад одоогоор 19348 сонгогч бүртгэлтэй байна. Харин мандатын хувьд Жаргалант суманд 31 мандатын төлөө 74 хүн нэр дэвшиж байгаа. МАН, АН-аас тус бүр 31 нэр дэвшигч, МАХН-аас 12 нэр дэвшигч өрсөлдөж байна. Аймгийн ИТХ-д Жаргалант суманд 12 мандатын төлөө 51 нэр дэвшигч өрсөлдөж байна. Сонгуулийн ирц 14 цагийн байдлаар 35 хувийн ирцтэй байна.

-Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой өөр анхаарах асуудал байна уу?

- Иргэд нэр дэвшигчдийн нэрийг сонгож дугуйлахдаа анхааралтай, хариуцлагатай хандах шаардлагатай байна. Тухайлбал, тухайн багт аймаг, суманд хэдэн мандаттай байна түүнд нь тохирсон тооны хүнийг дугуйлахгүй илүү хүн дугуйлж саналын хуудсаа хүчингүй болгож байгаа тохиолдол гарч байна. Мандатын тооноос илүүгүй хүн дугуйлна гэдгийг сайтар анхаарах хэрэгтэй. Одоогийн байдлаар 40 гаруй саналын хуудас хүчингүй болсон байна. За тэгээд эцэст нь хэлэхэд иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож санал хураалт дуусахаас өмнө саналаа өгөөрэй гэдгийг уриалмаар байна. Санал хураалт орон нутгийн цагаар 19 цаг хүртэл явагдана.

-Сонгогч хэнд санал өгч байгааг хөндлөнгөөс мэдэх, хянах боломж бий юу. Нэн ялангуяа мөнгө өгсөн хүндээ л саналаа өгөх ёстой юм байна гээд бусдын нөлөөллөөр хүсээгүй сонголтоо хийгээд байх шиг байна?

- Тийм боломж байхгүй. Иргэдийн дунд нэг буруу ойлголт байдаг. Тухайлбал, санал өгсөн дугаараар нь хэнд санал өгсөн байна гэдгийг мэдэх боломжтой гэж ойлгоод байх шиг байна. Гэтэл энэ санал тоолох төхөөрөмж чинь таныг хэд дэх дугаарт хэдэн цагт ч өгсөн байсан хамаагүй санамсаргүй түүврийн аргаар хольж байгаад саналын үр дүнг гаргадаг. Өөрөөр хэлбэл, санал хураалт эхлэсэн үеэс нь тооцвол би 5-рт санал өгсөн бол миний саналыг тэр хойш нь 900, 800 хэд рүү ч юм холиод санал хураалтын үр дүнг гаргадаг. Тиймээс иргэд үүнд санаа зоволтгүйгээр өөрийнхөөрөө сонголтоо хийх хэрэгтэйг зөвлөмөөр байна.

Ярилцсан: Ж.Саруул

сүүлд засварлагдсан 2025-07-01 13:32:57
13 + 14 = нийлбэрийг ол!