БНХАУ-ын Шинжаанд Коронавирусын 2 тохиолдол гарчээ

Маш хурдацтай тархаж буй халдварт өвчин болох Коронавирусын тархалт одоогийн байдлаар БНХАУ-ын 60 гаруй хувийг хамраад байгааг зурагт харуулсан байна. Анх энэ өвчлөл БНХАУ-ын өмнөд хэсэг болох далайн эрэг орчмын бүс нутгуудад гарч байсан бол тус улсын Баруун хойд хэсэгт ч гэсэн тархаад байна. Тэгэхээр Ховд аймагтай хил залгадаг БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах оронд уг өвчлөл гарсан нь манай улсын хувьд анхаарал, сэрэмжээ нэмэгдүүлэх нэн шаардлагатай болж байгаа юм. 

 

Тодруулбал, Шинжааны баруун бүс нутагт уг өвчлөлийн хоёр тохиолдол гарсан байна. Орон нутгийн цагаар өглөөний 6 цагийн үеийн Эрүүл мэндийн байгууллагын албан ёсны мэдээллээр уг хоёр тохиолдлыг албан ёсоор зарлажээ. Эдгээр хүмүүсийн тухайд 1 сарын 10-ны үед Хэбэй мужийн Ухан хотод зорчсон байна. Өвчлөл авсан хүмүүсийн тухайд Ли хэмээх 47 настай эрэгтэй, Гу нэртэй 52 настай эрэгтэй хүмүүс болохыг Хятадын төв телезээс албан ёсоор дамжуулсан байна.  Мөн тус өвчлөл Өвөрмонголд 1 тохиолдол бүртгэгдээд байгаа.

Ховд аймгийн иргэдийн хувьд БНХАУ-ын Шинжааны Такашкейн боомтоор ихээхэн зорчдог тул аймаг орон нутгийн зүгээс яаралтай арга хэмжээ авах цаг ирсэн гэдэг нь дээрх мэдээллээс харагдаж байна.

Түүнчлэн Шинжаанд уг өвчлөл гарснаар хорих лагерьт олноор хоригдож буй Уйгар босогчид гэх хоригдогчдын эрүүл мэндэд ноцтой аюул учирч байгааг Дэлхийн Уйгарын Конгрессын бүлгийн ерөнхийлөгч Долкун Иса онцолжээ. Тэрээр хэлэхдээ "сая сая хүний амь насанд аюул учрах болно" гэжээ. Учир нь Шинжааны бүс нутагт явуулж буй хатуу бодлогын хүрээнд 1,5 сая орчим уйгар үндэстэн уг бүс нутагт хорих лагерьт хоригдож байгааг дурдсан байна. Тус хорих лагерийн хувьд ойролцоогоор 16 мкв талбайд 20 орчим хүн хоригддог бөгөөд хоол ундны хувьд маш тааруу байдгыг тус хуарангаас цугтаж гарсан Сайрагүл Саутбая мэдээлэлдээ дурджээ. Хэрэв халдвар Шинжаанд тархвал хорих лагерт хоригдож байгаа хүмүүст халдвар тархах өндөр эрсдэлтэй ажээ. 

 

Ж.САРУУЛ

 

сүүлд засварлагдсан 2025-07-01 19:26:48
16 + 18 = нийлбэрийг ол!