ХОВД АЙМГИЙН ЗДТГ ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТООЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫН “БАТЛАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭ”-ГЭЭ ГАРДАН АВЛАА

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар нь 2018 оны 9-р сараас эхлэн “Төрийн үйлчилгээндээ олон Улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 буюу MNS ISO 9001 – 2016 стандартыг нэвтрүүлэх” зорилт дэвшүүлэн ажиллаж эхэлсэн.

Уг зорилтын хүрээнд өнгөрсөн хугацаанд “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-аас зөвлөх үйлчилгээг авч ажиллан, албан хаагчдаа чадавхжуулах, ажиллах орчин нөхцлийг нь сайжруулах, иргэдэд төрийн үйлчилгээг элдэв хүнд суртал, чирэгдэлгүйгээр хүргэх зэргээр үйлчилгээнийхээ чанарыг ахиулахад анхаарсан олон талт ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байна.

Эдгээр үйл ажиллагаанд “Монсертф” ХХК-иас хянан баталгаажуулалт хийж, өнөөдөр /2020.02.11/ олон Улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 буюу MNS ISO 9001 – 2016 стандартыг нэвтрүүлснийг албан ёсоор баталгаажуулсан “Батламжийн гэрчилгээ”-г Төрийн ордонд гардуулан өглөө. Уг гэрчилгээг “Төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалт, төрийн үйлчилгээ” хамрах хүрээнд 2024 он хүртэл хугацаагаар эзэмших юм. 

Монгол улсын 21 аймгаас хамгийн анх Хөвсгөл аймаг дараа нь Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар үйл ажиллагаандаа олон Улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 буюу MNS ISO 9001 – 2016 стандартыг нэвтрүүлсэн бол манай аймаг 3 дахь нь болж байна.

Чанарын менежментийн тогтолцооны уг стандартыг төрийн үйлчилгээнд нэвтрүүлснээр байгууллагын бүтэц, зохион байгуулалт, ажлын уялдаа холбоо сайжирч, төрийн албан хаагчдын сахилга бат дээшлэн, ажлын давхардал хийдэлгүй болж, албан бичиг хөтлөлтийн эмх цэгц сайжрах нөхцөл бүрдэж байна.

Мөн төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэж, иргэдийн болон албан хаагчдын сэтгэл ханамж дээшлэх боломж бүрдэж байгаагаараа ач холбогдолтой юм. 

сүүлд засварлагдсан 2024-03-29 04:35:19
7 + 19 = нийлбэрийг ол!