Анхан шатны тусламж үйлчилгээ (АШТҮ) үзүүлж буй байгууллагуудын үйлчилгээний чанар ба хүртээмжийн өнөөгийн байдал нь үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд хэрхэн нийцэж буй, тулгамдсан асуудлууд болон цаашид үйлчилгээг сайжруулах боломжийг илрүүлэх нөхцөл байдлын үнэлгээг Үенч Сумын эрүүл мэндийн төв (СЭМТ), Мөст сумын Сум дундын эмнэлэг, Жаргалант сумын “Жаргалан” болон “Баатархайрхан” ӨЭМТ-үүд дээр "Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслөөс хүрээнд хийжээ. Энэхүү төсөл нь Швейцарийн хөгжлийн агентлаг болон Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа төсөл юм Энэхүү төслийн хүрээнд хийгдсэн судалгааг төслийн багийн зүгээс танилцууллаа. Ийнхүү Өрхийн болон сумын эрүүл мэндийн төвд хандаж буй байдлыг авч үзэхэд Баатархайрхан ба Жаргалан багаас судалгаанд оролцсон хүмүүсийн 65-80 орчим хувь нь өвдсөн үедээ ӨЭМТ-дөө ханддаг гэжээ. Харин Бүсийн оношилгоо эмчилгээний төвд (БОЭТ) хандах байдлын хувьд дээрх хамаарал урвуу буюу Баатархайрхан багаас (47.7%) илүү нь, мөн хувийн эмнэлэгт 7.1-9.4 хувь ханддаг гэсэн нь ойролцоо гарчээ. Үүний дараагийн үзүүлэлт нь иргэд өвдсөн үедээ эхлээд өөрөө эм авч уудаг гэж хариулсан нь 4-5 хувийн хооронд хэлбэлзэж байв.
Өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэгчдийн дийлэнх нь гэртээ голдуу байдаг ахмад настнууд, нялх хүүхэд эсвэл хүнд өвчтэй хүмүүс бөгөөд ЭМД-аас санхүүждэг 4 багц тусламж үйлчилгээ буюу Өдрийн эмчилгээ (бариа, физик), Гэрийн тусламж үйлчилгээ (хөгжлийн бэрхшээлтэй, хүнд архаг өвчтэй хүмүүс), Оношилгоо, эмчилгээ болон Сэргээн засах эмчилгээг авдаг бөгөөд сэтгэл хангалуун байдаг гэжээ.
Судалгаанд сумдаас оролцогчдын хувьд Сумын Эрүүл мэндийн төв эсвэл Сум дундын эмнэлэгтээ ханддаг гэсэн хариултын хувь харьцангуй зөрөөтэй байв. Жишээ нь: Үенч сумын оролцогчдын 78.8 хувь нь СЭМТ- дөө, харин Мөст суманд 46 хувь нь СДЭ-тээ хандаг гэжээ. Түүнчлэн, Мөст сумын оролцогчдын 34 хувь нь СЭМТ рүү, 15 хувь нь өөрөө эм авч уудаг, 10 хувь нь хувийн эмнэлэгт болон 8 хувь нь лам бөө гэсэн нь бусад нэгжтэй харьцуулахад өндөр буюу сумынхаа эрүүл мэндийн байгууллагад бага ханддаг гэж хэлж болохоор юм. Аймгийн төвийн багуудтай харьцуулахад эдгээр хоёр сумаас БОЭТ рүү ханддаг гэж оролцогчдын 14-15 хувь нь хариулжээ. Судалгаанаас харахад иргэд хэвтэн эмчлүүлэх, хяналтанд орох зэрэг үйлчилгээг сумын эрүүл мэндийн байгууллагаас, нарийн мэргэжлийн эмчийн тусламжийг БОЭТ-өөс авах сонирхол, хандлагатай байна.
Эдгээрээс харахад үйлчлүүлэгчид ихэвчлэн өвдсөн үедээ буюу онош тодруулах, эмчилгээ хийлгэх, хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг голлон авсан, харин урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, эрүүл мэндээ хамгаалах болон эрүүл мэндийг дэмжих зэрэг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдсан талаар мэдээлэл бага өгчээ. Тухайлбал, судалгаанд хамрагдагсдын тусламж үйлчилгээ авсан байдлыг ангилж үзэхэд 40.5 хувь нь эмчид үзүүлсэн, 11.7 хувь нь өдрийн эмчилгээ хийлгэсэн, 11.5 хувь нь ЭХО рентген дуранд харуулсан, 9.7 хувь нь лабораторийн шинжилгээ хийлгэсэн, 7.5 хувь нь эмнэлэгт хэвтсэн, харин 0.8 хувь нь бусад үйлчилгээ авсан байна. Түүнчлэн, “Та ямар тохиолдолд ӨЭМТ/СЭМТ-д ханддаг вэ?” гэсэн олон сонголттой асуултанд оролцогчдын 20 гаруй хувь нь 2-3 хоног харж байгаад эм уугаад дээрдэхгүй бол, бас 5 хувь нь хүндэрсэн үедээ ханддаг гэжээ.
Харин судалгаанд оролцогсод нь аливаа өвчнөөс сэргийлэх, эрүүл мэндийнхээ талаар мэдээлэл авах, боловсролтой болохыг хүсдэг тухайгаа асуумжинд дурджээ. Тэгэхээр иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулсан мэдээлэл нийгэмд хомс байгаа бөгөөд энэ төрлийн ажил хийх хэрэгтэйг харж болно.
Анхан шатны тусламж үйлчилгээ авч
чадахгүй байгаа тохиолдлууд
Дээрх судалгааны дүнгээс харахад тусламж үйлчилгээний хүртээмж тэгш бус, хүн амын зарим бүлэгт хүрэхгүй байгааг онцолжээ. Тухайлбал, хамгийн наад зах нь түр оршин суугчид өртөж байна. Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг цаг тухай үед нь авч чадаагүйн улмаас амь насаа ч алдсан тохиолдол гарч байжээ. Нөгөө талдаа Ховд аймгийн Жаргалант сум түр оршин суугчидтайгаа нийлээд 40,000 гаруй хүн амтай хэдий ч тус сум нь статусаараа 2000 хүн амтай ижил түвшинд үйлчилгээг үзүүлэх нөөц бааз суурь, хүчин чадалтайгаар ажиллаж байгаа бодлогын түвшинд анхаарах асуудлын нэг билээ.
Мөн дараагийн дугаарт өдрөөр ажилладаг хүмүүс буюу 8 цагийн ажилтай хүмүүс ӨЭМТ-өөс явуулж буй үйл ажиллагаанд оролцох боломж хязгаарлагдмал буюу ялангуяа урьдчилан сэргийлэх үзлэг, эмчид үзүүлэх зэрэгт ажлын цагтай нь давхарддаг байна.
Малчид буюу төвөөс алслагдсан газарт амьдардаг иргэд эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс. Малчин иргэдийн хувьд “гэрт нь очиж явуулын үзлэг хийж байвал зүгээр” гэж санал асуулгад дурдсан байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд “СЭМТ, ӨЭМТ-д физик эмчилгээ уламжлалын эмчтэй болох шаардлагатай гэжээ. Учир нь сум нь аймгаас алслагдсан байдаг учир тэр болгон аймгаас тусламж авч чаддаггүй” хэмээн онцолжээ.
Анхан шатны тусламж үйлчилгээ авахад тулгардаг бэрхшээлүүд
Асуумж судалгаанд оролцогсдын хувьд өрхийн болон сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг дээр тусламж үйлчилгээ авахад тохиолддог хүндрэлээс Шаардлагатай эмчилгээ байдаггүй (21.7%), Оочер ихтэй, удаан хүлээлгэдэг (20.0%) болон эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн доголдол (20.8%) нь голлох шалтгаан болдог гэжээ.
Иргэдийн санал асуулгын дүнгээс үзэхэд ӨЭМТ дээр байгаа зарим төхөөрөмжийн ашиглалт муу. Жишээ нь ЭХО, зүрхний бичлэгийн аппарат байгаа ч ажиллуулах эмч байдаггүй, эсвэл УВЧ, “Искра” шарлагын аппарат, шилэн болон зэсэн бумба ганцхан ширхэг байдгаас олон хүнд хүртээмж муутай, ӨЭМТ-ийн хашаанд болон чийрэгжүүлэлтийн өрөөнд байгаа чийрэгжүүлэх тоног төхөөрөмжийг бүрэн ашиглах талд эмнэлгийн мэргэжилтнүүдээс хяналт, анхаарал тавьдаггүй байна. Гэтэл ӨЭМТ-өөс эмчээ нарийн мэргэжлийн курсэд явуулах санхүүжилтгүй, ялангуяа шинэ төгссөн эмч нар төрийн сангийн тэтгэлэг авах боломжгүй байдаг нь дээрх байдалд нөлөөлдөг гэж үзжээ.
СЭМТ/СДЭ дээр сүүлийн үед тоног төхөөрөмж нэмэгдэж, тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад сайн нөлөө үзүүлж байгаа ч эвдрэл гарах, түүнийг засварлах асуудал хүндрэлтэй байх нь эргээд тусламж үйлчилгээний хүртээмжид нөлөөлөх талтай байдаг.
Түүнчлэн иргэдийн хувьд АШТҮ-ний байгууллагын талаар хангалттай мэдээлэлгүй байдгаас өөрт хэрэгтэй үйлчилгээг авах боломж нь хязгаарлагддаг байна. Үүнээс болж дараагийн шатны буюу БОЭТ-ийн ачаалал ихсэх, оочер дараалал нэмэгдэх хандлагатай байдаг нь үүгээр илэрхийлэгдэж байна.
ӨЭМТ-ийн хүний нөөцийн хомсдол нь тусламж үйлчилгээний хүртээмж, чанарт сөргөөр нөлөөлдөг. Жишээ нь: Баатархайрхан, Бичигт, Алагтолгой, Тахилт багийн 7,000 иргэн болон 2,000 орчим түр оршин суугчдад 4 их эмч, 4 сувилагч, 1 НА болон 1 лабораторийн ажилтан тусламж үйлчилгээ үзүүлж байгаа нь стандартаас 2 их эмч, 4 сувилагчаар дутуу юм. Жилд дунджаар 28,000 үзлэг хийгддэг. Иймээс ӨЭМТ- ийн ачаалал ихтэй гэж судалгаанаас дүгнэгджээ.
Мөн Сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд ор хүрэлцэхгүй байх, эсвэл хэвтэх, эмчилгээ хийлгэх тохиолдолд эмийн хангамж дууссан бол үйлчлүүлэгч өөрсдөө эм, тариагаа гаднаас худалдан авах, өөрийн унаагаар ирэх зэргээс үйлчлүүлэгч санхүүгийн дарамтанд орох асуудал гардаг гэжээ. Зарим тохиолдолд сумаас БОЭТ рүү шууд ирж яаралтай тусламж авах өвөрмөц тохиолдлын зохицуулалт байдаггүй зэрэг нь үйлчлүүлэгчид хүндрэл учруулдаг байна. Иймээс шаардлагатай тусламж үйлчилгээний чанарын талаарх асуудал нь анхаарвал зохих зүйл юм.
Анхан шатанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хугацаандаа авч чадахгүй байгаад дараах шалтгаан нөлөөлж байна гэж дүгнэгджээ. Үүнд: эмч нар цагаа барьдаггүй (10.5%), эмч нар ажлын байрандаа байдаггүй (6.1%), цаг авсан хүмүүс цагтаа ирдэггүй (5.1%), эмнэлгээс хяналт тавьж зохицуулдаггүй (4.5%), хурал цуглаантай (3.6%) тус тус орж байна.
Анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагуудын сайн болон сул талууд
АШТҮ-ний байгууллагуудын сайн болон сул талуудыг харьцуулж үзэхэд, нийт оролцогчдын 36.4 хувь нь эмч эмнэлгийн мэргэжилтний зан харилцаа, хандлагыг сайн, 16.8 хувь нь сул гэжээ. Харин эмч мэргэжилтний ур чадварын үзүүлэлт, үйлчилгээний хүртээмж болон цаг барих зэрэг асуудалд өгсөн хариултууд ойролцоо хувьтай байлаа. Оношлогоог хангалтгүй гэж хариулсан хувь нь сайн үнэлгээг өгсөн хувиас бараг 3 дахин илүү байна. Мөн ЭМТҮ-ний байгууллагыг оролцогчдын 12 хувь нь хүлээлт ихтэй байдаг нь сул тал гэж үзжээ. Нийгмийн эгэх хариуцлагын хүрээнд сайжруулах саналууд
Цаашид анхан шатны тусламж үйлчилгээний чанар болон хүртээмжийг сайжруулах, үйлчлүүлэгчийг зарим талаар санхүүгийн дарамтаас сэргийлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг хэрхэн сайжруулах талаар төслийн багаас дараах саналыг дэвшүүлжээ. Тухайлбал, Иргэд болон иргэний нийгмийн байгуулагуудын оролцоо, хяналтыг сайжруулах, иргэдэд мэдээлэл сурталчилгааг сайн хүргэх шаардлагатайг онцолсон байна.
Мөн ӨЭМТ/СЭМТ/СДЭ-ийн үйл ажиллагаатай холбоотой хууль эрх зүйн бичиг баримт, хуулийн болон журмын хэрэгжилтийн талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлж байх. Ялангуяа Сангийн яамнаас гаргадаг “Иргэдийн төсөв”-тэй ижил мэдээллийн цомгийг боловсруулж тараах, танилцуулах.
СЭМТ/СДЭ-ийн гурвалсан гэрээг Аймгийн Засаг даргаас бус харин сумын Засаг даргатай хийдэг болгон, хяналтыг сайжруулах. Түүнчлэн ӨЭМТ-ийн тогтмол зардлыг сумын ЗДТГ-аас гаргаж болно гэсэн заалтыг хэрэгжүүлэх боломжийг судлах.
Эмнэлгийн мэргэжилтний ур чадвар, ялангуяа мэргэжлийн түвшинд тусламж үйлчилгээг үзүүлэх, мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлэх талаар олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх тусгай төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх.
Үйлчлүүлэгчийн хэрэгцээнд ӨЭМТ/СЭМТ/СДЭ-ээс үзүүлж буй тусламж үйлчилгээ хэр нийцэж байгааг цаашид судалж, хязгаарлагдмал нөөц бололцоог хэрхэн үр ашигтай зарцуулах талаар судалгаа хийх. СЭМТ/СДЭ/ӨЭМТ-ийн тоног төхөөрөмжийг бүрэн гүйцэд ашиглах сургалт хийж чадавхжуулах гэх мэт санал дүгнэлтүүдийг төслийн багаас гаргажээ.
Тэгэхээр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд цаашид засч сайжруулах, анхаарах асуудлууд иргэд, олон нийтийн түвшинд болон бодлогын түвшинд ч байгааг юм. Иймээс иргэд өөрсдийн амьдарч буй нийгэм болоод өөрсдийн эрүүл мэндээ хамгаалах эрэлт хэрэгцээнд санал хүсэлтээ, бэрхшээл асуудлаа холбогдох талуудад бодлогын түвшинд илэрхийлж, харилцан хамааралтай байж гэмээнэ үр өгөөж нь алхам бүрт сайжрах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, энэ нэг ёсондоо нийгмийн эгэх хариуцлагын нэг хэлбэр гэж хэлж болно. Дээрх бүх асуудлууд байна гэдэг чинь нийгмийн эгэх хариуцлага сул байгаагийн илрэл юм.
Ж.Саруул