М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг ерөнхий прокурорын орлогчоор томиллоо

УИХ-ын үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэж гишүүдийн 86.2 хувь нь дэмжлээ. Ингэснээр Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбат, С.Алминцэцэг нарыг томиллоо. Хэлэлцүүлгийн явцад нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан: Шүүх прокурорын байгууллагыг төр засгаас нэлээд анхаарсан. Эхлээд шүүхийн байгууллагын цалин хөлсийг нэмсэн, дараа нь прокурорын байгууллагын цалинг нэмэгдүүлсэн. Гэхдээ өнөөдөр нийгэм тэр чигтээ хуулийн байгууллага шударга бус гэдэг ойлголттой болчихсон. Нийгмийн хүсэмжлэл бол хууль шүүхийн байгууллага шударга ажиллаж, хэргийг үнэн мөнөөр нь шийдээсэй гэдгийг л хүсдэг. Тэр утгаараа энэ салбарын удирдлагуудыг сольж байгаа. Үндсэн хуулийн шинэчлэлээр хууль шүүхийн байгууллагын шинэчлэлд өөрчлөлт оруулах шаардлага байна уу, прокурорын байгууллагад хяналт тавихаа больсон гэж ярьж байгаа.Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа прокурорын байгууллага энэ хэмжээнд байх ёстой, алдаа нь эндээ байна гэдэг талаар саналаа хэлээч. Ер нь шударга ёсыг яаж тогтоох вэ.

Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигч С.Алиманцэцэг: Прокурорын байгууллага шүүх засаглалын байгууллагад ордог нь зөв гэж би хувьдаа үздэг. Прокурорын байгууллагын дэргэдэх мөрдөн байцаах алба зайлшгүй байх ёстой. Үүнийг дахин байгуулах асуудалд санал нэг байдаг.

Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигч М.Чинбат: 1992 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр прокурорын байгууллагыг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага гэж оруулсныг би бас дэмждэг. Прокурорын байгууллагын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээх ёстой гэдэгтэй санал нэг байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Надад асуух зүйл алга. Амжилт хүсье. Би бүлгийн хурал дээр та хоёрын талаар шүүмжлэлтэй үг хэлсэн, бодвол та хоёрын чихэнд хүрээ байлгүй дээ. Цаашдаа харгалзан ажиллах байх гэж найдаж байна. Ажлаа сайн хийх хэрэгтэй дээ. Завхрал ер бусын ихээр гарсан. Эрүүгийн байцаах хуулийн дэлхийн жишгийн гурван гол зарчим мөрдөгдөхөө больсон.  Нэгдүгээрт, гэм буруугүй хүнийг эрүүгийн хариуцлагад татаж болдоггүй заалт сүүлийн хэдэн жил байхгүй болсон. Дуртай хүнээ уураа хүрсэн үедээ хорьж байгаад гаргадаг олон асуудал бий. Энэ талаар дорвитой арга хэмжээ авах ёстой. Хоёрдугаарт, мэтгэлцэх зарчим байхгүй болсон. Өмгөөлөгчийг юу ч биш болгосон, мөн хуулийг нь байхгүй болгосон. Шаардлагатай гэвэл нууц задруулахгүй гэсэн баталгаа гаргаж аваад, амыг нь скочдоод, ариун цэврийн өрөө рүү ороход нь хар масктай, буутай хүн дагаж явдаг болсон. Прокурорууд нь урдаа хэргийн материалаа тавьчихаад цатгалан бар шиг суудаг болсон. Гуравдугаарт, аливаа асуудлын талаар эргэлзээ гарах юм бол яллагдагчийн талд ашигтай шийдвэрлэнэ гэсэн алтан зарчим алдагдсан. Энэ бүх алдааг засах байх гэж та хоёрт найдаж байна. Гэм буруугүй хүн нэг ч минут ял эдлэх ёсгүй.  

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Маш хариуцлагатай албан тушаалд залуу хүмүүс очиж байгаагийн хувьд зарчимч, хуульдаа захирагдаж ажиллах байх гэж харж байна. Өөрчлөлтийн төлөөх ард түмний итгэлийг яаж хариулж ажиллах вэ гэдэгт байр сууриа илэрхийлээч.

Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигч М.Чинбат: Нийгэмд болж буй үйл явдал, иргэдээс хүсч буй шударга ёсны зарчимч байдлыг мэдэрч байна.  Прокурорын үйл ажиллагаа хууль ёсны, шударга ёсны зарчимд тулгуурлах нь Үндсэн хуулийн зарчмыг хангаж ажиллах болно.

Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигч С.Алиманцэцэг: Нийгмийн хандлагыг мэдэрч ажиллахаас гадна хуульд захирагдаж олны анхааралд байгаа хэргүүдийг яаралтай шуурхай шийдвэрлэхийн төлөө ажиллана. Прокурорын байгууллага хуульд захирагдахаас гадна гарч буй шийдвэр нь ил тод байх ёстой. Хэрвээ би энэ албан тушаалд томилогдвол Ерөнхий прокурорын бодлогыг дэмжиж хамтран ажиллах болно.   

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Та хоёрыг би мэдэхгүй. Сайнаар нь ч тэр, муугаар нь ч тэр. Онцлог үед томилогдох гэж байгаагаа та хоёр ойлгож байгаа байлгүй дээ. Их том шинэчлэл хийх гэж ирж байгаа гэдгээ бодоорой. Та нарын өмнөх хүмүүсийг бөөн юм болж байж, төрийн эргэлт хийх шахуу байж өөрчилсөн. Онцлог үед маш том үүрэг хүлээж томилогдож байгаа гэдгээ ойлгоорой. Ажлаас нь харъя. Цаашдаа дэмжих эсэхийг та хоёр л харуулна. Шударга, эрч хүчтэй ажиллаад өөрсдийгөө харуулах байх. Эрүүдэн шүүсэн гэх асуудал ил гарсан нэг л хэрэг, хэсэг нь. Олон нийтийг түгшээж, дургүйцлийг нь хүргэсэн асуудлууд Прокурорын байгууллагад байгаа гэдгийг нь би мэдэрч байна.

Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигч М.Чинбат: Хуулийн байгууллагуудын дунд гарсан шударга бус явдал дахин Монголын шүүх гарах ёсгүй. Хүнийг эрүүдэн шүүж, хүнлэг бус байдлаар харьцаж хэрэг хүлээлгэдэг явдал дахин гарах ёсгүй. Үүний төлөө ажиллана.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Хууль хуулийн хэрэгжилтэд хяналт тавина.Онцгой чухал ач холбогдолтой болчихоод байна. Ямар нэгэн хэргээр нийгэмд шуугиан үүсгэдэг тал бий. Энэ нь эргээд хууль хяналтын байгууллагад дарамт болдог. Ингээд ажил хийж байгаа дүр эсгэж мэдэгдэл хийдэг. Тэрэндээ тохирсон ажиллагаа явуулах гээд анхныхаасаа шал өөр зүйл болж өнгөрдөг. Хуулийн хяналтын байгууллага өөрсдөө эвгүй байдалд орохгүйн тулд хэргийг ямар нэгэн хүн, аж ахуйн нэгжид тохоод үлдээдэг. Үүнээс болоод хууль хяналтын байгууллагын нэр хүнд унадаг. Хууль мөрдөгдөж байвал сайн ч муу ч бай шударга зүйл. Хууль ямар хамаатай юм бэ гэж ярьдаггүй болоход онцгой анхаараарай.

УИХ-ын гишүүн Л.Болд: Шударга ёсыг тогтоох асуудалд анхаараарай гэдгийг олон гишүүн хэллээ. С.Зоригийн амь насыг нөхөөсөн хэргийг хууль хяналтын байгууллага 21 жил төөрүүлсэн. Одоо 21 хоногт энэ хэргийн ээдрээг тайлмаар байна. Ингэж чадвал хуулийн байгууллагын шинэчлэл эхэлчихнэ. Улс төрчид хэвлэлд очиж мэдүүлэг байцаалт өгдөг. Магадгүй тэнд яллах дүгнэлт үйлддэг. Ирэх долоо хоногт түр хороогоо байгуулчихмаар байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Прокурорын орлогчоор томилогдох гэж байгаа хүмүүс салбарын хүмүүс байна. 10-аад жилийн өмнө шинэ Ерөнхийлөгч томилогдоод хуулийн шинэчлэл гээд баахан хүмүүсийг хольж сольсон. Гэтэл өнөөдөр 10-аад жилийн дараа нам дамнасан бүлэглэлийн гар хөл болсон хууль хүчний байгууллагыг байгуулсан. Үүнийг дагаад хуулийн байгууллагын нэр хүнд байхгүй болсон. Хэсэг хугацаа өнгөрсний дараа та бүхэн ч гэсэн ингэж цоллогдоод сууж байх вий дээ. Иргэд сонгогчидтой уулзахад улсыг өчнөөн их мөнгөний өрөнд оруулсан хэрэг яригдаж байснаа алга болчих юм. Энэ хэргүүдийг шийдэж болдоггүй юм уу гэх мэт олон асуудлыг ярьж байна. Энэ талаас нь анхаарч ажиллаарай.

Эх сурвалж: itoim.mn

сүүлд засварлагдсан 2025-07-01 19:04:49
7 + 8 = нийлбэрийг ол!