2019-2020 ОНД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭСЭН КОМПАНИУДААС 10 ГАРУЙ НЬ ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

2021.1.7-ны өдөр хуралдсан аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2019-2020 онд хийгдсэн улс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын ажилд хяналт шинжилгээ хийсэн тухай асуудлыг хэлэлцлээ. Ховд аймагт 2019 онд Улсын төсвөөр 62, орон нутгийн төсвөөр 75, 2020 онд Улсын төсвөөр 77, орон нутгийн төсвөөр 82 нийтдээ 295 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгджээ. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнгөрсөн оны 11 дүгээр сард  дээрх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд хяналт, шинжилгээ үнэлгээ хийж ажилласан байна. 

Ажил гүйцэтгэсэн компани, аж ахуйн нэгжүүдийн 10 хувь нь ямар нэгэн зөрчил дутагдал гаргасан нь шалгалтаар илэрчээ. Ажлын хэсгийн ахлагч, ХОХБТХ-ийн дарга Б.Баярсүхийн мэдээлсэнээр гэрээний хугацаа хэтэрсэн, барилга, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлийн чанар муу, туршилт, тохируулгын хугацаанд гүйцэтгэгч компани алдаа дутагдлаа засдаггүй, стандарт, хэм хэмжээ мөрддөггүй, боловсон хүчин, инженер техникийн ажилчдын нөөц дутмаг, техник, тоног төхөөрөмжийн хангалт муу зэрэг нийтлэг зөрчил, дутагдал илэрсэн байна. 
Эдгээр зөрчил дутагдлыг хэрхэн арилгуулах, цаашид анхаарах асуудлын талаар Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж тодорхой шийдвэрийг гаргалаа. Өөрөөр хэлбэл, зөрчил гаргасан 10 гаруй компанид энэ оны 05 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд зөрчлөө арилгах хугацаатай үүрэг өгөхөөр боллоо. Хэрэв заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй бол тухайн компаниар хохирлыг барагдуулах, хар жагсаалтад оруулж улмаар барилгын тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах асуудлыг салбарын яаманд нь уламжлахаар болсон байна. 
Ийнхүү төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, хяналт шалгалтыг сайжруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор үр дүнтэй ажил хийсэн нь сайшаалтай юм. Холбогдох төр захиргаа болон хяналт шалгалтын байгууллагаас цаашид ийнхүү дорвитой арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна. Тэгэхгүй бол төсвийн үрэлгэн зардал бий болж ирсэн муу жишгүүд ч олон байсныг иргэний нийгмийн байгууллагууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байдаг.  
Rate this item
(3 votes)
сүүлд засварлагдсан 2021-01-09 09:39:56
12 + 14 = нийлбэрийг ол!
News writer

энд өөрийн сэтгэдэлээ бичнэ үү

www.khovdtimes.mn
шар олон улс
сонин бараа